70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ҮНДСЭН ХЭЛБЭР

Лекцийн  хичээлийг төлөвлөх, зохион байгуулахуй

Лекц хэмээх үг нь латин хэлний lection  гэсэн үгнээс гаралтай “уншлага” хэмээсэн утгатай. Лекцийг анх эртний Грек, Римд өргөн хэрэглэж байжээ. Цаашид дундад зууны үед лекцийг өргөн хэрэглэх болж, улмаар нэлээд боловсронгуй болжээ. Лекц гэдэг бол оюутанд тодорхой хугацаанд шинжлэх ухааны /байгаль, нийгэм, техник, хүмүүнлэгийн/онолын суурь мэдлэгийг системтэй олгох зорилготой багшийн тайлбарлан ярих болон сурган хүмүүжүүлэх бусад арга, хэрэгслийг хэрэглэж буй сургалтын зохион байгуулалтын хэлбэр юм. Харин семинар, практик, лабораторийн хичээл, оюутны бие даасан ажил, уулзалт, маргаан, төрөл бүрийн уралдаан, тэмцээн зэрэг хэлбэрүүдтэй хослон хэрэглэх шаардлагатай байна. Лекц нь дотроо:
  • Оршил лекц
  • Шинэ мэдлэг олгох лекц
  • Тойм лекц
  • Мэдлэгийг ерөнхийлөн дүгнэх лекц
  • Асуудал дэвшүүлэх лекц гэх мэт төрөлтэй.   Лекцийн хичээлийг:
  • Тайлбарлан ярих
  • Үзүүлэн таниулах
  • Харилцан ярилцах
  • Асуудал дэвшүүлж тайлбарлах
  • Кейсийн арга гэх мэт сургалтын аргуудаар явуулдаг. Кейс сургалтын арга/case studu/ нь үйл ажиллагааны явцад тохиолдох бодот нөхцөл байдлыг багш оюутнуудад тайлбарлан таниулах, оюутнууд нөхцөл байдалтай танилцаад өөрийн дүгнэлт хийж, хамт олондоо танилцуулан санал бодлоо солилцож дүгнэлт гаргана. Энэ аргыг 1908 онд Харвардын Их Сургууль анх санаачилсан ажээ. Кейсийн арга нь 4 янз байна. Үүнд:
  1. Шинжилгээ үнэлгээ хийж сурахад чиглэсэн кейс
  2. Асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргахад сурах кейс
  3. …………………….түүхтэй танилцуулах кейс
  4. Асуудал ба түүний шийдвэрийг авч үзсэн кейс гэж буй
Орчин үеийн сургалтад лекцийн арга хэрэгтэй юу?, хэрэггүй юу? Энэ асуудлаар 2 янзын байр суурь байдаг.
  1. Лекцийн хичээл хэрэгтэй, яагаад гэвэл тэр хэд хэдэн давуу талтай.
  2. Лекцийн хичээл хэрэггүй, яагаад гэвэл хэд хэдэн сул талтай гэж үздэг. Эдгээрийг тодруулан авч үзвэл:

-Багшийн үйл ажиллагаа давамгайлдаг

-Оюутны идэвх санаачлага хязгаарлагдмал сул
-Оюутны бие дааж сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх боломж бага
-Оюутны хувийн онцлог, түүний эрэлт хэрэгцээ, сонирхол зэргийг харгалзах боломж бага
– Оюутанд лекцийн 15-20% нь үлддэг
Харин давуу тал нь:
-Олон тооны оюутан хамарч болдгоороо эдийн засагт хэмнэлттэй
-Оюутанд системтэй эмх цэгцтэй мэдлэг олгодог
-Богино хугацаанд их хэмжээний мэдээллийг олон хүнд дамжуулах боломжтой
-Сурах бичиг, гарын авлага ховор үед мэдээллийн чухал эх үүсвэр
-Лекцийн бүтэц зохион байгуулалт нь энгийн
 Эдгээрийн аль алинд үнэний хувь байгаа учир бид лекцийн давуу талыг сайтар ашиглаж, харин сул талыг нь арилгах арга хэмжээ авч, боловсронгуй болгон хэрэглэх нь зүйтэй.

а/ Зохион байгуулалтын шаардлага

  Лекцийн хичээлд тавигдах шаардлага
   – Тухайн лекцийн хичээлээр хэрэгжихүйц тодорхой зорилтуудыг дэвшүүлэх
  –   Лекцийнхээ эх бичвэрийг урьдчилан сайтар бэлтгэж боловсруулсан байх / лекцийн сэдэв, зорилт, товч төлөвлөгөө, ашиглах хэрэглэгдэхүүн, асуулт, даалгавар, дүгнэлт, ашиглах ном бусад зүйл/
   –   Лекц явуулах эрүүл ахуй, гоо зүй, сэтгэл зүйн орчинг бүрдүүлэх
   –    Лекцийн хичээл дээр оюутанд нэр томъёо, ухагдахууныг яаж товчлох, тэмдэглэл яаж хийх арга барилыг багш зааж зөвлөх
   –    Лекцийн сэдэв, зорилт, төлөвлөгөөг оюутнуудад хэлж танилцуулах
б/ Агуулга, арга зүйн шаардлага
  • Лекцийн материалыг багш логик дэс дараалалтай, систем, эмх цэгцтэй бэлтгэж боловсруулсан байх
  • Лекцээр оюутанд маш чухал үнэтэй цэнэтэй, сүүлийн үеийн шинэ мэдээлэл өгөх
  • Лекцийн материал нь шинжлэх ухааны үндэстэй байх ба шинжлэх ухааны үндсэн асуудлыг хөндсөн байх
  • Аливаа шинэ ухагдахууны тодорхойлолтыг товч, тодорхой тайлбарлаж өгөх
  • Оюутны анхаарал, сонирхлыг татах арга, хэрэгслийг оновчтой сонгож хослуулан хэрэглэх
  • Оюутныг идэвхжүүлэх арга барил хэрэглэхийг хичээх
  • Чухал, гол зүйлийг багш тодотгон хэлж, оюутнуудад тэмдэглэх боломж олгох /лекц бол цээж бичиг биш/
  • Оюутнуудтай эргэх холбоо тогтоох арга замыг хайх
  • Багшийн ярианы хурд, дууны өндөр нам нь оюутнуудын мэдээллийг хүлээн авч, тэмдэглэл хөтлөх чадварыг харгалзсан байх
  • Багш лекцийн аль хэсэгт, ямар асуулт тавихаа урьдчилан бэлтгэсэн байх
  • Лекцийн материалыг оюутанд ойлгомжтой, хүлээж авах боломжтой энгийн үгээр ярьж тайлбарлах
  • Лекцийн эцэст товч 1-2 дүгнэлтийг заавал хийж байх
Лекцийн хичээлийн бүтэц
Лекцийн хичээлийг бүхэл бүтэн зүйл болгодог олон элементийн нэгдлийг лекцийн хичээлийн бүтэц гэнэ.  Тухайн лекцийн сэдэв, агуулгын хэмжээ, дидактик зорилтоос шалтгаалж түүний бүтэц нь өөрчлөгддөг боловч үндсэн хэдэн элемент заавал байдаг .Үүнд:
а/ Оршил хэсэг:  Лекцийн сэдэв, зорилго, зорилтууд, лекцийн төлөвлөгөөг танилцуулж, урьд өмнө үзсэнийг давтан сэргээж шинэ сэдэвтэй холбогдох холбоо, сэдлийг бий болгоно
б/ Лекцийн үндсэн хэсэг:  Багш тулгуур ухагдахуун, гол үзэл санааг тайлбарлан ярихдаа үзүүлэн таниулах материал болон прожектор ашиглана. Оюутан багшийн тайлбарыг анхааралтай сонсох, ойлгох ба тэмдэглэл хөтлөх, асуулт тавих, бодох, багшийн асуултад хариулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
в/Лекцийн төгсгөл хэсэг: Багш дүгнэлтүүд, семинарын хичээлд бэлтгэж ирэх зүйлс, оюутны бие дааж хийх ажлын сэдэв, уншиж судлах материалыг зааж өгнө. Мөн оюутнуудын сурах арга барилд тус дөхөм болох санамж, зөвлөгөөг өгнө.

Семинарын хичээл зохион байгуулахуй

Семинар хэмээх үг нь seminarium гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд утга нь багшаас оюутны оюун ухаанд мэдлэгийн “үрийг тарих” тэр үр нь “ургаж цэцэглэх” хэмээсэн утгатай ажээ. Семинар нь эртний Грек, Ромын сургуулиудад анх дэлгэрсэн ба XVII зуунаас зүүн Европын олон орны их сургуулиудад өргөн хэрэглэж эхэлсэн.Энэ үеийн семинар нь практик шинжтэй хэн нэг эрдэмтний сургалт-судалгаа явуулах гол лаборатори болж байжээ. Орчин үед семинарын хичээл нь их, дээд сургуулийн сургалтын зохион байгуулалтын үндсэн хэлбэр болоод байна.   Өнөө үеийн семинарын хичээл нь лекцийн үргэлжлэл болсон бөгөөд түүний үүрэг нь:
  •   Оюутны мэдлэгийг бататгах
  •   Гүнзгийрүүлэн өргөжүүлж хүрээг тэлэх
  •   Мэдлэг чадвараа амьдралд хэрэглэх дадал төлөвшүүлэх
  •   Оюутанд бие дааж ажиллах, сэтгэх, сурах арга барил эзэмшүүлэхэд чиглэгдэж байна.
Семинарын хичээлийн зорилго, ач холбогдол
Семинарын хичээл нь:
  • Оюутны хэл яриаг хөгжүүлэх
  • Санаа бодлоо бусдад ойлгомжтой илэрхийлэх
  • Асуулт тавих
  • Тодорхойлолт, дүгнэлт өгөх
  • Юмс үзэгдэлд анализ хийх
  • Шинийг хүлээж авах чадварыг хөгжүүлэх
  • Өөрийн санаа бодлоо нотлох
  • Аливаа асуудалд шүүмжлэлтэй хандах
  • Бие дааж шийдвэр гаргах
  • Мэдлэг чадвараа хянаж шалгах, үнэлэх зэрэг олон чадварыг оюутанд эзэмшүүлдгээрээ онцлог юм.  
Семинарын хичээлд тавигдах шаардлага
  •  Оюутныг үйл ажиллагаанд оруулах
  • Онолын мэдлэг, практик хэрэглээ хоёрыг хослуулах
  • Арга технологи нь уян хатан байх
  • Оюутны эрэлт хэрэгцээ, сонирхолд тулгуурлах
  • Оюутанд сонголт хийх өргөн боломжийг олгох
  • Оюутнуудад хамтран ажиллах боломж өгөх
  • Оюутны идэвх санаачлагыг хөхүүлэн дэмжих
  • Ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлэхийг чухалчлах нь зүйтэй. 
Семинарын хичээлийн бүтэц, төрөл
  Семинарын хичээл нь сэдэв, зорилт, агуулгаасаа шалтгаалан өөр өөр бүтэцтэй байх боловч ихэнх  тохиолдолд дараах элементүүдийг багтаасан байдаг. Үүнд:
  • Сэдэв
  • Зорилтууд
  • Төлөвлөгөө
  • Ашиглах хэрэгсэл
  • Арга технологи
  • Агуулга
  • Оюутны бие даасан үйл ажиллагааг хөгжүүлэх хэсэг
  • Хяналт, шалгалт
  • Дүгнэлт
Семинарын хичээлийн сэдэв, зорилгоос үүдээд төрөл зүйл өөр өөр байна. Тухайлбал,
  • Мэдлэгийг бататгах семинар
  • Асуудал шийдвэрлэх семинар
  • Маргаан, мэтгэлцээн/цэц сорих/ семинар
  • Уулзалт, ярилцлага семинар
  • Мэдлэг чадварыыг хянан шалгах семинар
  • Туршилт лабораторийн семинар
  • Бодлого бодох, тайлан хамгаалах семинар гэх мэт. 
Эдгээр семинарыг зохион байгуулах арга, хэлбэр нь ч бас өөр өөр байна. Семинарын хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд багш нар бүтээлчээр сэтгэж, оюутны хэрэгцээ, сонирхлыг судалж, тэдэнтэй хамтран ажиллах, тэдний бие даасан ажлыг өрнүүлж ажиллах нь зүйтэй байна.