70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

ОЮУТНЫ БИЕ ДААСАН АЖИЛ

Оюутны бие даасан ажил

Оюутны бие даасан ажил хэмээх нь нэг талаас сургалтын төлөвлөгөө, стандарт, хөтөлбөр, нөгөө талаас оюутны сонирхол,  чадамжийг харгалзсан хичээлийн ба хичээлийн бус цагаар оюутны бие дааж  суралцах бүтээлч үйл ажиллагааг хэлнэ.Өнөө үед оюутны бие даасан ажил ньхэрэгтэй мэдээллийг бие даан олж авах, түүнийгээ практик үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэглэх асуудлыг бие дааж олж харах, түүнийг шийдвэрлэхийн тулд өөрийгөө дайчлан бүтээлчээр ажиллах олон арга барилтай мэргэжилтэн бэлтгэх гэсэн үг юм.  Кредит тогтолцооны гол зорилт нь оюутанд сурах арга барил, чадвар дадал эзэмшүүлэхэд оршүино. Ийм учраас дээд сургуулийн сургалтыг оюутны бие даасан идэвхтэй үйл ажиллагаан дээр тулгуурлан явуулах цаг болжээ.  Оюутны бие даасан ажил ямар ач холбогдолтой вэ? гэвэл,   Оюутан:

  • Лекц , семинарын явцад бүрэн мэдэж эзэмшээгүй зүйлүүдээ бүрэн гүйцэт өөрийн болгох
  • Мэдлэгээ гүнзгийрүүлж, өргөжүүлэх
  • Авьяас чадавхаа нээн хөгжүүлэх
  • Бие даан сэтгэн бодох
  • Өөрийнхөө үйл ажиллагааг зохион байгуулах, хянан жолоодох
  • Бие дааж оновчтой шийдвэр гаргах, дүгнэлт хийх
  • Зөрчилт байдлаас гарах арга барил эзэмших, хариуцлагатай байх
  • Бусадтай хамтран ажиллаж сурах зэрэг олон талын арга барил, чадвар эзэмшдэгээрээ давуу талтай. 
Оюутны бие даасан ажлыг яаж зохион байгуулах вэ?  Сургалтын хөтөлбөртөө сэдэв бүрээр оюутны бие дааж хийх ажлын чиглэл, үлгэрчилсэн сэдэв, уншиж судлах материалын жагсаалтыг гаргаж өгөх хэрэгтэй  
Оюутны бие даасан ажил нь:
а/ Оюутны заавал хийх ажлын сэдэв
б/ Оюутны сонгож хийх ажлын сэдэв
в/ Оюутан өөрөө сонирхсон сэдвээ дэвшүүлж судлах гэсэн хэд хэдэн хэлбэртэй байвал оюутанд сонголт хийх боломж олгож, тэднийг идэвхжүүлэх, хөгжүүлэх боломжтой болно.
  • Оюутны бие даасан ажлын сэдэв нь тэдний ирээдүйн ажил, амьдралд хэрэг болох практикт тулгамдсан нэн чухал асуудал байвал түүнийг оюутан одоо судалснаар сургуулиа төгсөөд тийм асуудалтай тулгарахад тодорхой хэмжээгээр шийдвэрлэх чадвартай болох талыг харгалзан боловсруулах нь зүйтэй.
  • Улирлын эхэнд багш бүр заадаг хичээл тус бүрээр оюутнаар хийлгэх бие даасан ажлын зорилго, төрлийг танилцуулж, яаж хийх заавар зөвлөгөө, ашиглах ном, зохиол бусад хэрэглэгдэхүүн, тавигдах шаардлага, хэдийд хийх, үнэлж дүгнэх журам зэргээ тодорхой мэдээлэх
  • Сэдэв бүрийн эцэст оюутан бие дааж ажиглалт хийх, шаардлагатай ном, сэтгүүл уншиж тэмдэглэл, товчлол хийх, зохих хүмүүсээс ярилцлага, асуулга авах, төрөл бүрийн бүтээлч асуулт, даалгавар өгөх, асуулт, төлөвлөгөө , бодлого зохиох, тодорхой ухагдахуунд тодорхойлолт өгөх, юмс үзэгдэлд анализ хийх, орчуулга хийх зэрэг бие даасан ажлыг ганцаараа юм уу, 2-3–аараа хамтарч хийх, 5-6 хүнтэй багаар ажиллаж гүйцэтгэхээр тусгаж болно.
  • Сурган хүмүүжүүлэх ном, зохиолд оюутны бие даасан ажлыг 3 түвшинд авч үздэг.
  1. Сэргээн хуулбарлах
  2. Өөрчлөн хувиргах
  3. Бүтээлч
Сэргээн хуулбарлах түвшний бие даасан ажлын зорилт бол оюутны мэдлэгийг бататгаж улмаар түүнд чадвар, дадал төлөвшүүлэхэд чиглэгдэнэ. Энэ тохиолдолд оюутан бэлэн загвар ашиглаж сурах үйлийг хийнэ. Ийм түвшний бие даасан ажил нь мэдлэгийг таних, ухамсарлах, тогтоох үйл ажиллагаа гүйцэтгэхэд чиглэнэ. Тухайлбал, даалгавар, дасгал гүйцэтгэх, бодлого бодох, мэдээлэл хийх, хүснэгт бөглөх гэх мэт ажил багтана.
Өөрчлөн хувиргах түвшний бие даасан ажлын зорилт бол оюутанд мэдлэгээ өөр нөхцөлд шилжүүлэн хэрэглэх арга барил, чадвар олгоход чиглэгдэнэ. Үүний тул оюутнаар уншсан зүйлийн төлөвлөгөө зохиолгохоос эхлээд тодорхой асуудлаар өөрийн санаа бодлоо найруулан бичих ажлуудыг хийлгэж болно. Жишээ нь: оюутан эсээ бичих, бодлого зохиох, зохион бичлэг бичих зэрэг ажлыг хийнэ.
Бүтээлч түвшний бие даасан ажлын зорилт бол оюутанд тодорхой үзэгдэл, асуудал, нөхцөл зэрэгт тодорхойлолт өгөх, асуудлыг шийдвэрлэх арга зам, хэрэглэгдэхүүн зэргийг бие даан сонгож авах, шинэ мэдлэг бүтээж бий болгох зэрэг арга барилыг олгоход оршино. Үүний тулд оюутнаар шийдвэрлэх асуудлыг олуулах, түүнийг хэрхэн шийдэх талаар эрэл хайгуул хийлгэх, төсөл боловсруулах, судалгаа хийлгэх, судалгааны материалд боловсруулалт хийлгэх, тайлан бичиж хамгаалуулах, ангийн ажил болон дипломын ажил хийлгэж болно. Улирлын явцад эдгээр  түвшний ажлууд хосолж байхаар оюутны бие даасан ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх нь чухал байна.  Ингэхдээ оюутны бүх хичээлээр хийх ажлын ачааллыг харгалзаж улирлын явцад оюутан хэдэн бие даасан ажил хийх талаар мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн нэг хичээлээр хэдэн бие даасан ажил хийж хамгаалахаа стандарт, хөтөлбөр, ажлын төлөвлөгөөндөө тусган “Оюутны бие даасан ажлын график” гарган мөрдөж ажилллах нь оюутны ачааллыг улирлын эцэст хэт ихэсгэхгүй жигд байлгах боломжийг бүрдүүлнэ.  Оюутны бие даасан ажлыг зохион байгуулах ажиллагаа нь багш бүр өөрийн нөхцөл боломж, суралцагчдын мэргэжил, хэрэгцээ, чадвар зэргийг харгалзан бүтээлч, уян хатан хандахыг шаардана.
Оюутны бие даасан ажлын төрөл
Сурган хүмүүжүүлэх ном зохиолд болон манай орны их, дээд сургуулийн сургалтын практикт оюутны бие даасан ажлын олон төрлийг ашиглаж байна. Тухайлбал:
  • Оюутан мэдээлэл хийх
  • Эсээ бичих
  • Санамж зөвлөмж боловсруулах
  • Төслийн ажил гүйцэтгэж түүний тайланг бичиж хамгаалах
  • Ярилцлага, хэлэлцүүлэг хийх
  • Маргаан, мэтгэлцээнд оролцох
  • Илтгэл, реферат бичих
  • Ангийн ажил, диплом бичиж хамгаалах гэх мэт
Оюутны бие даасан ажлын бүтэц
Оюутны бие даасан ажил нь бүтцийн хувьд:
  1. Оршил /Удиртгал/
  2. Үндсэн хэсэг
  3. Дүгнэлт гэсэн хэсэгтэй байх ба эцэст нь ашигласан ном зохиолын жагсаалт, хавсралт материал зэргээс бүрдэнэ.
Оршил  хэсэгт : Оюутан энэ асуудлыг /сэдвийг/ яагаад сонгож авсан үндэслэл, түүний онолын болон практик ач холбогдол, дэвшүүлж ажиллах зорилго, зорилт, ямар арга хэрэглэсэн зэргийг тодорхой бичнэ.
Үндсэн хэсэгтАсуудлын мөн чанарыг гаргах, тулгуур ухагдахууны утга санаа, асуудлын судлагдсан байдлыг тоймлон гаргах, түүнд дүн шинжилгээ хийх, асуудлын бүтэц, төрөл, хэлбэр, уг асуудал амьдрал практикт ямар байгааг судалж дүн шинжилгээ хийсэн байх, ололттой болон шүүмжлэлтэй ямар зүйлс байгааг бүрэн тусгана.
Дүгнэлт хэсэгт: Дэвшүүлсэн зорилтыг хэрхэн шийдсэн, анхаарууштай асуудлыг судлан шийдэх явцад шинээр юу олж тогтоосон, цаашид яах талаар тодорхой саналууд гаргасан байна.
Оюутны бие даасан ажилд тавигдах шаардлага
 Оюутны бие даасан ажлын чанарыг дээшлүүлэхийн тулд багш нар тухайн бие даасан ажилд тавих шаардлагыг урьдчилан боловсруулж өгөх нь үр дүн сайтай байдаг. Түүнд тухайн хичээлийн онцлог, оюутанд мэргэжилтэн-бие хүний ямар шинж чанар төлөвшүүлэх хэрэгтэй байгааг тусгана. Оюутны бие даасан ажлын үндсэн төрлүүдийг сонгон авч эдгээрт ямар шаардлага тавих талаар үлгэрчилсэн шинжтэй дараах шаардлагыг санал болгож байна. Эдгээрийг багш нар өөр өөрийн нөхцөлдөө тохируулан бүтээлчээр ашиглах нь зүйтэй.
Эсээ  гэдэг нь аливаа асуудлыг танин мэдэж ойлгон, баримтад тулгуурлан олон талаас нь шинжлэн судалж, ажиглан эргэцүүлж, задлан тайлбарлах, нэгтгэн дүгнэх, харьцуулан жиших, томъёолон таамаглах адилтган зүйрлэх зэрэг оюуны төрөл бүрийн үйл хийсний үндсэн дээр өөрийн бодол, санаагаа илэрхийлэх хамгийн нээлттэй төрөл юм.
Эсээ нь найруулгын хувьд албан бичиг, эрдэм шинжилгээ, уран зохиол, сонин  нийтлэлийн төрлүүдийн дундаж шинжтэй учраас судлаач, зохиолчоос эхлээд ажилчин, малчин, албан хаагч хүртэлх бүх л хүмүүсийн сурч эзэмшвэл зохих нийтлэг төрөл болно.
   Эсээд тавигдах нийтлэг шаардлага:
  • Эсээний сэдвийг яагаад сонгосон үндэслэлийг гаргах
  • Эсээд хэрэглэж буй тулгуур ухагдахууны утга сангааг тодорхой илэрхийлсэн байх
  • Эсээд гарч буй асуудлын талаар өөрийн санаа бодол, үзэл хандлагаа илэрхийлсэн байх
  • Өөрийн дүгнэлт хийсэн байх ба цаашид юу хийх талаар тодорхой санал дэвшүүлсэн байх
  • Тогтоосон үгийн тоонд хүрсэн байх
  • Логик дэс дараалалтай бичсэн байх
  • Үг, үсгийн болон найруулгын алдаагүй байх
Товчлол бол уншиж судалсан материалын гол санааг товч тодорхой бичиж тэмдэглэсэн бичвэр юм. Товчлолд дараах шаардлага тавигдана.
  • Уншиж судалж буй материалын зохиогчийн нэр, зохиолын нэр, хэвлэсэн газар, он зэргийг тэмдэглэх
  • Уншсан зүйлээ үгчлэн хуулан бичихээс зайлсхийж гол санааг аль болох сайтар тунгаан бодож байж өөрийн үгээр товч бичихийг хичээх
  • Шаардлагатай гэсэн зүйлийг үгчлэн бичвэл хашилтад хийж хуудсын дугаарын хамт бичих
  • Товчилсон зүйлээ эргэн харж нягтлан үзэх
Мэдээлэл гэдэг нь тодорхой нэг асуудлаар янз бүрийн арга хэрэглэн цуглуулсан материалын тухай нийтийн хүртээл болгохоор тусгайлан боловсруулсан материал юм.  Мэдээлэл нь дараах шаардлагыг хангасан байх:
  • Мэдээллийн сэдэвтэй холбоотой ном, сонин сэтгүүл бусад материалыг судалж боловсруулалт хийсэн байх
  • Амьдралын тодорхой бөгөөд түгээмэл шинжтэй үзэгдэл, баримт зэрэгт дүн шинжилгээ хийсэн байх
  • Мэдээллийн сэдвээр гол, тулгуур санаануудыг тодорхой гаргасан байх
  • Мэдээллийг логик дараалалтай, эмх цэгцтэй бичсэн байх
  • Дүгнэлт хийж тодорхой саналууд дэвшүүлсэн байх
  • Мэдээлэл нь 2-3 хуудас байх ба 5-7 минутад багтаж ярих боломжтой байх
Реферат  бол тодорхой нэг сэдвээр онолын болон практик судалгааны үр дүнг бичгээр илэрхийлсэн бүтээл юм. Реферат нь дараах шаардлагыг хангасан байх:
  • Рефератын сэдвийг товч үндэслэсэн байх
  • Рефератын тулгуур ухагдахууны утга санааг тодорхой гаргасан байх
  • Судалгаа шинжилгээ хийсэн байх
  • Ишлэл, зүүлтийг зөв хийсэн байх
  • Судалгааны үр дүнг схем, диаграмм зэргээр үзүүлсэн байх
  • Рефератын эцэст үндэслэл сайтай бүрэн дүгнэлт хийсэн байх
  • Рефератын  сэдэв болон агуулга хоорондоо тохирч байх
  • Рефератад ашигласан ном зүйг зөв хийсэн байх
  • Судалгааны материалыг хавсаргасан байх
  • Реферат нь хэмжээний хувьд 8-12 хуудас байх
Илтгэл бол тодорхой хугацаанд хийсэн судалгааны ажлын үр дүнг товч бичсэн аман мэдээлэлд зориулсан эрдэм шинжилгээний бага хэмжээний бүтээл юм.Илтгэл нь дараах шаардлагыг хангасан байх:
  • Уг илтгэлийг яагаад бичих болсон үндэслэлийг гаргасан байх
  • Илтгэлийн тулгуур ухагдахууны утга агуулгыг тодорхойлсон байх
  • Илтгэлд дэвшүүлж буй шинэлэг санааг үндэслэж нотолсон байх
  • Тодорхой баримт сэлтэд дүн шинжилгээ хийсэн байх
  • Товч дүгнэлт хийсэн ба түүнд шинээр дэвшүүлж буй санаанууд байх
  • Илтгэлийн сэдэв болон агуулга хоёр хоорондоо тохирч байх
  • Нотолгооны ишлэл, зүүлтийг зөв, зохих журмын дагуу хийсэн байх
  • Илтгэл нь хэмжээний хувьд 5-7 хуудас байх
  • Шаардлагатай материалыг хавсаргасан байх
  • Ашигласан ном зохиолын жагсаалтыг хийсэн байх
  • Илтгэх чадварын бэлтгэл сайн хангасан байх
Судалгааны тайлан нь тодорхой асуудлаар зохих хугацаанд ганцаар болон хамтарч хийсэн судалгааны ажлын үндэслэл, үр дүн, дүгнэлт зэргийг агуулсан бүтээл юм. Судалгааны тайлан дараах шаардлагыг хангасан байх:
  • Судалгааны сэдвийг үндэслэсэн байх
  • Судалгааны ажлын зорилго, зорилтыг оновчтой тодорхойлсон байх
  • Судалгааны ажлын үе шат, хэрэглэсэн арга зүйг бичсэн байх
  • Судалж буй асуудлаар гол ном зохиолыг уншиж дүн шинжилгээ хийсэн байх
  • Тулгуур ухагдахууны утга санааг тодорхойлсон байх
  • Судалж буй асуудал сургалтын практикт ямар байгааг судалж, ажиглалт, ярилцлага, асуулга, тест гэх зэрэг аргыг хэрэглэсэн байх
  • Судалгааны материалд тооны болон чанарын боловсруулалт хийж тодорхой дүгнэлтүүд хийсэн байх
  • Онолын болон практик судалгааны материалыг хооронд нь харьцуулж дүгнэлт хийсэн байх
  • Тайлангийн эцэст дүгнэлт, санал дэвшүүлсэн байх
Ангийн ажил бол тодорхой нэг юмуу  хэд хэдэн хичээлтэй уялдуулж хийсэн судалгааны ажлын агуулга үр дүнгээр хийсэн бүтээл юм.Ангийн ажил нь дараах шаардлагыг хангасан байх:
  • Ангийн ажлын сэдвийг яагаад сонгож авснаа товч үндэслэх
  • Энэ сэдвийн онолын болон практик ач холбогдлыг гаргасан байх
  • Ангийн ажлын сэдвээр гол ном зохиолыг уншиж тэдгээрт дүн шинжилгээ хийсэн байх
  • Ном зохиол судлах явцад юуг шинээр мэдэж авсан тухай дурдсан байх
  • Ангийн ажил хийх явцад шинээр юу хийж бүтээсэн тухай тодорхой бичих
  • Судалгаа хийх явцад уг асуудал сургалтын практикт ямар байгааг судалгааны хэд хэдэн аргаар судалж үр дүнд нь боловсруулалт хийсэн байх
  • Уг асуудлын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн байх ололттой сайн болон анхаарууштай ямар зүйл байгааг тодорхой гаргасан байх
  • Ишлэл, зүүлтийг зөв хийсэн байх
  • Эцэст нь дүгнэлт, саналуудыг оновчтой хийсэн байх
  • Хэмжээний хувьд 15-20 хуудас байх
Эдгээр зүйлийг оюутан суралцах хугацаандаа системтэй хийснээр өөрийн “бүтээлийн сан”-тай болох боломжтой. Оюутны бие дааж хийсэн ажлыг оновчтой үнэлж дүгнэх нь тэднийг идэвхжүүлэх чухал хөшүүрэг мөн. Үнэлгээ бодотой байхаас гадна оюутанд сургамжтай өөрийнхөө бүтээлийг өөрөө үнэлэн алдаа, оноогоо өөрөө олж засч залруулах ухаантай болгох нь чухал юм.
Оюутныг бүтээлийн сангаар үнэлэх нь
Бүтээлийн санг оюутны ололт амжилт, хүчин чармайлт, ахиц дэвшил болон шилж сонгох, харьцуулан жиших, зорилгоо тодорхойлох, өөрийгөө үнэлэх зорилго бүхий бүтээлийн цуглуулгад хийсэн явцын үнэлгээ гэж үзэж байна.  Бүтээлийн сангаар үнэлэх үйл явцыг зохион байгуулахын өмнө чухам ямар сэдвээр хэдийд үнэлэхээ бусад мэргэжлийн багш нартай ярилцаж тохирох шаардлагатай. Учир нь хэд хэдэн хичээлээр нэгэн зэрэг бүтээлийн санг бүрдүүлэх даалгавар өгдгөөс оюутны ачаалал нэмэгдэж, бүтээлийн сангийн чанар муудаж, зорилго нь биелэхгүйд хүрч болзошгүй. Үүний дараа бүтээлийн санг бүрдүүлэх хугацаа, агуулга, алхмуудыг оюутнуудтай тохирно. Бүтээлийн сангийн хугацаа 14-21 хоног, улирал, жилээр байж болох бөгөөд тухайн курсийн кредитийн тоог харгалзан үзэх шаардлагатай.
Бүтээлийн сан бүрдүүлэх нь:
I алхам. Бүтээлийн санд оруулж болох бүх материалуудыг цуглуулах
II алхам. Бүтээлийн санд оруулах гол бүтээлүүдээ эцсийн хувилбараар шилж сонгох
III алхам.  Сонгож авсан бүтээлүүддээ эргэцүүлэл бичиж өөрийн үнэлгээг өгөх
  Бүтээлийн сангийн бүтэц:
А. Бие дааж бүтээлчээр бүрдүүлсэн бүх бүтээл
Б. Агуулгын товъёог /бүтээлийн санд байгаа бүтээлийн жагсаалт/
В. Уншигчдад хандсан өгүүлэмж /Бүтээлийн сангийн зорилго, товч танилцуулга/
Г. Оюутны бүтээсэн хамгийн сайн бүтээлүүд /бусдын гайхлыг төрүүлэхүйц ажил/
Д. Бүтээлд хийсэн эргэцүүлэл, дүгнэлт
    –    багшийн
    –    өөрийн
    –    найз нөхдийн
    –    эцэг эхийн  гэх мэт
Е.  Бүтээлч ажил
Өөрийн сонирхсон сэдвээр, санаачлагаараа хийсэн нэмэлт бүтээлүүд
Ё. Зорилгын тодорхойлолт
Ойрын ба ирээдүйн зорилгуудаа тодорхойлсон байна 
Бүтээлийн сан нь үнэлгээний нэг хэлбэр болох учраас өвөрмөц шалгуур үзүүлэлттэй байна. Тухайн хичээл, сэдэв, оюутны мэдлэг чадварын түвшин, багшийн үнэлж дадсан арга хэлбэр, туршлага, сургалтын орчин зэргээс хамаарч шалгуур үзүүлэлт нь өөр өөр байж болно.
 
“Хүний толгойгоор нисэхээр, өөрийн толгойгоор өнхөр” /Сургаал үг/