70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

МАРГАД ДЭЭД СУРГУУЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДЭД ХӨТӨЛБӨР

Эрдэм шинжилгээний ажил нь тус сургуулийн профессор, багш, оюутны үйл ажиллагааны чухал хэсгийн нэг нь юм. Сургуулийн эрдэм шинжилгээний ажил нь сургалт-хүмүүжлийн ажлыг суурь судалгаанд үндэслэн явуулах, боловсролын үйл ажиллагаанд орчин үеийн арга зүй, сурган хүмүүжүүлэх дэвшилтэд технологи нэвтрүүлэхэд чиглэгдэнэ.

Эрдэм шинжилгээний ажлыг Монгол улсын хууль, тогтоомж, Боловсрол, шинжлэх ухааны төрийн захиргааны дээд, орон нутгийн байгууллагын эрх зүйн баримт бичиг, журам, сургуулийн дүрэм, Эрдмийн зөвлөлийн дүрэм журмын дагуу зохион байгуулна. 

 Эрдэм шинжилгээ-судалгааны ажлын зорилт:

– сургалтын чиглэлийн тулгамдсан асуудлаар судалгаа хийх;

– сургалтын процессийг шинжлэх ухаан, инновацийн судалгааны үр дүнгээр баяжуулах;

– сургуулийн багш, эрдэмтэд, оюутныг судалгааны арга зүйтэй танилцуулж, тэднийг эрдэм шинжилгээ-судалгааны ажилд татан оролцуулах;

– багш нарын шинжлэх ухааны мэргэшлийг дээшлүүлэх;

– эрдэм судлаач багш, оюутнуудыг бэлтгэх;

– ном, сурах бичиг, гарын авлага, нэг сэдэвт бүтээл, шинжлэх ухааны нийтлэл, илтгэл бичих;

– ном, сурах бичиг, сэдэвт бүтээл, шинжлэх ухааны нийтлэл, илтгэлд шүүмж бичих;

– ном, сурах бичиг, сэдэвт бүтээл, шинжлэх ухааны нийтлэл, илтгэлийг хянан тохиолдуулах;

– оуютны эрдэм судалгааны ажлыг удирдах, шүүмж бичих

– номын санг судалгаа-шинжилгээний мэдээллээр хангах;

– шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах.

Эрдэм шинжилгээ судалгааны ажлын үндсэн чиглэлүүд:

-мэргэжлийн  онол арга зүйн асуудлаар судалгаа хийх;

-улс орны болон орон нутгийн хөгжлийн асуудлаар захиалгат судалгаа хийх;

-их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын туршлагыг судалж нэгтгэх;

-ном сурах бичиг бэлтгэн хэвлүүлэх;

-шинжлэх ухаан-арга зүйн судалгааны ажил гүйцэтгэх;

ТОдорхой сэдвээр багш, оюутнууд  судалгааны ажил  гүйцэтгэх ба сэдвүүдийг Судалгааны Хүрээлэн олон нийтэд зарлана.

 Эрдэм судалгааны ажлыг сургуулиас дараах нөхцөлөөр хангана:

– сургалтын чиглэлүүдээр төрөлжсөн эрдэм шинжилгээний лаборатори байгуулна;

– эрдэм шинжилгээний ажлын сэдвийн чиглэлээр зохих бүтцийг байгуулна;

– эрдэм шинжилгээ-судалгааны ажлыг шаардлагатай  мэдээллээр хангана;

– ном, сурах бичиг, бүтээл, эмхэтгэл гаргах бэлтгэлийг хангана;

– сургууль дээр олон улсын, бүсийн, сургууль дундын хурал, семинарыг зохион байгуулна;

– багш, оюутны шилдэг эрдэм шинжилгээний ажлын шалгаруулалт зохион байгуулна;

– оюутны эрдэм шинжилгээний ажлыг үр дүнтэй тогтвортой явуулна.

 Өнөөгийн байдлаар тус сургуульд дараах лаборатори ажиллаж байна.

– Сургуулийн өмнөх боловсролын лаборатори

– Бага боловсролын лаборатори

– Байгаль шинжлэлийн лаборатори

-Дуу хөгжмийн лаборатори

Сургуулийн оюутны орчин нь эрдэм шинжилгээний ажлын судлагдахууны суурь нь юм.  Эрдэм шинжилгээний ажлын зорилт нь багш бүрийн төлөвлөгөөнд тусч, Судалгааны Хүрээлэн,Тэнхим, бүтцийн нэгжүүдийн зорилт, тайланд нэгтгэгдэнэ.

“Маргад” дээд сургуулийн эрдэм шинжилгээ-судалгааны ажлыг сургуулийн Эрдмийн зөвлөл, Ерөнхий захирлын баталсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэнэ.

Сургуулийн эрдэм шинжилгээний төлөвлөгөөг Судалгааны Хүрээлэн,Тэнхим, Сургалтын төвүүдийн оролцоотой боловсруулна.

Сургуулийн эрдэм шинжилгээний ажлыг профессор, багш нар удирдан  гүйцэтгэнэ.

Эрдэм шинжилгээ судалгааны гэрээт ажилд сургуулийн профессор, багш нар оролцох бөгөөд шаардлагатай үед мөн гэрээт ажилтнуудыг татан оролцуулна. 

Хавсран гүйцэтгэж буй гэрээт ажлыг албаны бус цагаар гүйцэтгэнэ. 

Эрдэм шинжилгээний ажлын чанар, хугацааг Судалгааны Хүрээлэн,Тэнхимийн эрхлэгчид болон тус сэдвийн удирдагч хариуцна.

Тэнхимийн эрхлэгчид эрдэм шинжилгээний ажлын тайланг эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан захиралд гаргаж өгнө.

Эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, уялдуулах зорилгоор сургуулийн Ерөнхий захирлын шийдвэрээр сонирхсон эрх зүйн этгээд, хувь хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлэг, сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

Сургууль, шинжлэх ухааны бүтээл, эмхэтгэл, хурлын илтгэлүүдийг хэвлэн гаргана.

Хэвлэлийн төлөвлөгөөг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж Ерөнхий захирал батална.

Оюутны боловсруулсан эрдэм шинжилгээний ажлыг курсийн ажил хийснээр тооцож болно.

Оюутны эрдэм шинжилгээний ажил :

Оюутны эрдэм шинжилгээний ажил нь  чанартай, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх,  мэдлэгээ практик үйл ажиллагаанд ашиглах чухал хэрэгсэл юм. 

Эрдэм шинжилгээний ажилд оюутныг татан оролцуулах нь тэдний бүтээлч идэвхийг өрнүүлж, судалгааны ажлын тулгамдсан зорилтыг шийдвэрлэх боломж олгодог.

Оюутны эрдэм шинжилгээний ажлын үндсэн зорилт:

-оюутнууд шинжлэх ухааны танин мэдэхүйн арга зүй эзэмшиж, хичээл, сургалтаар судалсан агуулгаа гүнзгийрүүлэн, бүтээлчээр эзэмших;

-эрдэм судалгааны зорилтыг бие даан шийдвэрлэх арга зүй  эзэмших;

-багш, оюутанд эрдэм судалгааны багт орж ажиллах дадал, шинжлэх ухаан, судалгааны ажлыг зохион байгуулах арга зүй эзэмшүүлэх.

Оюутны эрдэм шинжилгээний ажил нь сургалтын процессийн үргэлжлэл бөгөөд Судалгааны Хүрээлэн дээр уг ажил зохион байгуулагдана.

Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сургуулийн профессор багш нар удирдана.

Оюутны эрдэм шинжилгээний ажлыг сургалтын процессоор болон хичээлийн бус цагаар хийх гэж ангилна.

Сургалтын процесст орох оюутны эрдэм шинжилгээний ажил:

– эрдэм шинжилгээний элемент орсон даалгавар гүйцэтгэх, курс, дипломын ажил хийх ;

– нийгэм, хүмүүнлэг, байгалийн шинжлэх ухааны салбарын  эрдэм шинжилгээний элементийг бие даан гүйцэтгэж байгаа оюутныг эрдэм шинжилгээний ажилд оролцогч гэж үзнэ.   Оюутны эрдэм шинжилгээний ажил нь Судалгааны Хүрээлэн дээр тайлан тавих, Тэнхимийн хурал дээр илтгэх буюу Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьснаар тооцогдоно

Хичээлийн бус цагаар амжилттай гүйцэтгэсэн, сургалтын программын шаардлагыг хангасан эрдэм шинжилгээ-судалгаа, бүтээлч ажлыг курсийн болон дипломын ажлаар тооцож болно. 

Оюутны эрдэм шинжилгээний ажил нь сургууль, Судалгааны Хүрээлэн, Тэнхим, Сургалтын төвүүдийн  эрдэм шинжилгээний ажлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна. Оюутны эрдэм шинжилгээний ажлын бүтээлүүдийг сургуулийн болон бусад хэвлэлд нийтэлнэ.

 Эрдэм шинжилгээ судалгааны ажлын тайлан сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэгдэж, судалгааны ажлын практикт нэвтэрсэн байдал, эдийн засгийн үр ашгийг харгалзан үнэлгээ өгнө.

 Боловсруулсан: доктор, профессор, академич Самбалхүндэвийн.Хаш-Эрдэнэ