70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ДҮРЭМ

“Маргад” дээд сургуулийн “Судалгааны хүрээлэн”-гийн дүрэм

Нэг. “Судалгааны хүрээлэн” байгуулах үндэслэл:

    XXI зуун бол мэдлэгт суурилсан мэдээллийн эрин зуун болохыг дэлхий нийтээрээ нэгэнтээ хүлээн зөвшөөрч байна.
    Монгол улс нь “хөгжиж буй орон” бөгөөд цаашид шинжлэх ухаан технологи өндөр хөгжсөн хоёр хөршийнхөө харилцан туслалцсан иж бүрэн хамтын үйл ажиллагаанд тулгуурлан “хөгжингүй орон” болох ирээдүй хол биш ойртож байгаа өнөө үед тус улсын иргэн бүр нь өндөр боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
     Энэ шаардлагыг хангахын тулд бүх шатны сургуулиуд түүний дотор “Маргад” дээд сургууль судалгаа шинжилгээнд тулгуурлан сургалт-үйлдвэрлэлийн ажлаа зохион байгуулах асуудал нэн чухал хэрэгцээ болон тавигдаж байна.
     Тус сургуулийн хамт олон өнгөрсөн хичээлийн жилээс “Судалгааны сургууль” болох эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж бага боловч ахиц амжилт гарсанд урамшин энэ хичээлийн жилээс Боловсролын тухай хуулийн 13.2-т заасны дагуу “Судалгааны хүрээлэн” байгуулж ажиллавал бидний сурган хүмүүжүүлэх ажил судалгаа шинжилгээнд үндэслэсэн шинжлэх ухааны түвшинд хүрч нийгмийн өнөөгийн хэрэгцээг хангана гэж үзэж байна.
Хоёр. “Маргад” дээд сургуулийн “Судалгааны хүрээлэн”-гийн  үйл  ажиллагааны үндсэн чиг үүрэг
    Тус   “Судалгааны  хүрээлэн”   нь    Монгол   судлал   хийгээд   Боловсролын   хөгжлийн асуудлаар суурь болон хавсарга судалгаа явуулах, Хангайн бүсийн ЕБС, цэцэрлэгийн багш сурган  хүмүүжүүлэгчид, сургалтын бусад  байгууллага,  иргэдэд судалгаа, шинжилгээний мэдээллээр  үйлчлэх, онол-арга зүйн туслалцаа  үзүүлэх чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ, арга зүйн  байгууллага мөн.
Гурав. “Судалгааны  хүрээлэн”-гийн  эрхэм зорилго
    Монгол  Улсын  боловсролын  хөгжлийн  онол, арга зүйн судалгаа, сургалт, мэдээллийн чанарыг  өндөр   хөгжилтэй   орнуудын   ижил   төстэй   байгууллагын  үйл    ажиллагааны жишигт хүргэж, ХХIзууны эхэн үеийн Монгол улсын боловсролын шинэчлэл өөрчлөлтийн хөгжлийн  чиглэлийг тодорхойлогч байна.
Дөрөв. “Судалгааны хүрээлэн”-гийн үйл  ажиллагааны  гол  зорилтууд нь:
·         Монгол судлал болон  боловсролын хөгжлийн онол, арга зүйн асуудлаар суурь
ба хавсарга судалгаа явуулах
·         Хангайн  бүсийн  боловсролын  байгууллагын  удирдах   ажилтан,  багш сурган хүмүүжүүлэгчид, судлаачдын  мэргэжил боловсролыг дээшлүүлэх
·         Багш, оюутан, байгууллага, иргэдэд боловсрол судлалын шинжлэх ухаан, монгол судлалын судалгааны мэдээлэл, шаардлагатай материалаар үйлчлэх
 Тав. “Судалгааны хүрээлэн”- гийн  ойрын жилүүдийн судалгааны ажлын чиглэл:
  • Монголчуудын өв соёл, ёс заншил, уламжлал
  • Сургуулийн өмнөх болон бага боловсролын агуулга, арга зүйг шинэчлэх
  • ЕБС-ийн сурах бичиг судлал
  • ЕБС-ийн Байгалийн ухааны сургалтын агуулга, арга зүйн асуудал
  • 3-6 насны монгол хүүхдийн өсөлт, хөгжилт
  • Мэргэжлийн хөтөлбөр боловсруулах онол-арга зүй
  • ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг мэргэжилд бэлтгэх асуудал
  • Хүүхдийн авъяасыг хөгжүүлэх онол-арга зүй
Зургаа. “Судалгааны хүрээлэн”- гийн  сургалтын үндсэн зорилтууд
·         Багш нарын мэргэшлийн бэлтгэл, ур чадварыг дээшлүүлэх
·         Удирдах ажилтныг сурган мэргэшүүлэх
·         “Боловсрол судлалын магистрын сургалтаар боловсрол судлаачдыг бэлтгэх
Долоо. “Судалгааны хүрээлэн”-гийн бүтэц, зохион байгуулалт
Тайлбар:
  1. Туршилтын хугацаанд “Маргад” дээд сургуулийн захирал нь “Судалгааны хүрээлэн”-гийн захирлын үүргийг давхар гүйцэтгэнэ.
  2. Төслийн судалгааны багт орон тооны ба орон тооны бус эрдэм шинжилгээний ажилтнууд ажиллана. Үүнд:
  • Эрдэмтэн нарийн бичгийн дарга бөгөөд орон тооны эрдэм шинжилгээний ажилтнаар: доктор, дэд профессор Ц.Нацагдорж
  • Гадаад харилцаа эрхэлсэн захирал бөгөөд орон тооны эрдэм шинжилгээний ажилтнаар: доктор, профессор С.Хаш-Эрдэнэ
  • Орон тооны бус эрдэм шинжилгээний ажилтнаар:
  • МУБИС-ийн зөвлөх багш Х.Нацагдорж, Дидактикийн тэнхимийн эрхлэгч Ц.Даваадулам, Сургалт-хяналт шинжилгээний албаны дарга И.Булган, Багш Э.Нармандах, Х.Сансартуяа, Б.Уранцэцэг нар ажиллана. Орон тооны ажилтан нь 7 хоногт 6, орон тооны бус ажилтан нь 7 хоногт 12 -оос илүүгүй цагийн хичээл  заана
  1. “Судалгааны хүрээлэн” нь “Маргад” дээд сургуулийн төсвөөс санхүүжих ба жилийн төсвийг нь захиргааны зөвлөлөөр хэлэлцэж батлан, зарцуулалтын тайланг жилд 2 удаа сонсч, шаардлагатай арга хэмжээ авч ажиллана.
  2. “Судалгааны хүрээлэн” нь дэргэдээ номын сан, хэвлэлийн цехийг  аж ахуйн дотоод тооцоон дээр ажлуулна.
  3. Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь Судалгааны хүрээлэнгийн жил, улирал, сар өдөр тутмын ажлын төлөвлөгөөг захирлаар батлуулан ажиллах ба биелэлтийг Захиргааны зөвлөлд жилд 2 удаа тайлагнана.
  4. Төслийн ажлын тайланг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгнө.