70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

Маргад дээд сургууль МУБИС-тай гэрээ байгуулав

Манай аймгийн “Маргад” дээд сургууль МУБИС-тай “Төвийн бүсийн математик, байгалийн ухааны ерөнхий боловсролын түшиц сургууль байгуулах төсөл” хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулаад байна. Төсөл хэрэгжсэнээр МУБИС-тай түшиц математик, байгалийн ухааны төрөлжсөн сургалттай төвийн бүсийн дотуур байртай ЕБС-ийг “Маргад” дээд сургуулийн материалаг баазад түшиглэн орон нутагт байгуулах боломж ийнхүү бүрдлээ. Түшиц сургууль байгуулагдсанаар тус сургуулийн оюутнуудын багшлах дадлагыг хийлгэх, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс багшийн  мэргэжлээр МУБИС-д үргэлжлүүлэн суралцахад  нь хөнгөлөлт үзүүлэх, тэтгэлэгт хамруулах зэрэг үүргийг МУБИС хүлээжээ. 

“Маргад” дээд сургуулийн дэргэд ерөнхий боловсролын түшиц сургууль байгуулах гэрээнд саяхан МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, профессор Л.Цэрэнсодном, “Маргад” дээд сургуулийн захирал доктор Ц.Эрдэнэчулуун нар гарын үсэг зурсан юм. Энэхүү төслийн ач холбогдол үр өгөөжийн талаар “Маргад” дээд сургуулийн Судалгааны Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор, профессор Ц.Нацагдоржтой ярилцлаа.

    – “Маргад” дээд сургуулийн зүгээс МУБИС-тай хамтран математик, байгалийн ухааны чиглэлээр түшиц сургууль байгуулах гэрээг саяхан үзэглэсэн. Түшиц сургууль байгуулах болсон тухай болон сургууль байгуулагдсанаар суралцагчдын хувьд ямар ач холбогдолтой байх вэ. Энэ талаар яраиагаа эхлэх үү?

 Энэ төсөл бол МУБИС, “Маргад” дээд сургуулийн хоорондын харилцан идэвхтэй санаачлагын үндсэн дээр хэрэгжүүлэх гэж байгаа том төсөл. Төслийн гол зорилго бол МУБИС-тай хамтарч “Маргад” дээд сургуулийн ЕБС-ийг лаборатори лицей сургууль болгоход чиглэсэн юм. Төсөл дараах 3 үзэл баримтлалын дагуу хэрэгжинэ. Эдгээр үзэл баримтлал бол МУБИС болон “Маргад” дээд сургуулийн эрхэм зорилго, үндсэн чиглэлтэй нийцэж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.
Нэгдүгээрт: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг боловсролын салбарт шинээр бий болгох гэсэн санаа юм. 1990-ээд оноос хойш хувийн хэвшлийн сургууль олноор байгуулагдсан бөгөөд 20 гаруй жилийн хугацаанд төр, хувийн хэвшлийн сургуулиудын хамтын ажиллагаанд дорвитой ахиц өөрчлөлт гарч чадаагүй. Бодит байдал дээр төрийн сургууль нь хувийн хэвшлээ гадуурхсан байдалтай, хувийнх нь төрийн сургуулиа өөр нүдээр харж хандсан байдалтай байна. Төрийн зүгээс хувийнхныг олигтой дэмжиж чаддаггүй. Төр өөрийн мэдлийн хэдэн сургуулиасаа илүү гардаггүй. Энэ үл ойлголцол, хоёр тийш харсан байдлыг өөрчлөхөд төслийн үзэл санаа чиглэсэн юм. Өнөөдөр бодит байдал дээр төр мөнгөгүй байхад хувийн хэвшилд мөнгөтэй үе байна. Хувийн хэвшил хүнд ,төр дэмжих тогтолцоо байх ёстой. Төр, хувийн хэвшил хамтраад үр дүнтэй ажиллаж чадвал шинэ маягийн сургууль бий болох нэг санаа энд байгаа юм. Үүнийг хоёр тал олж харсны үндсэн дээр төсөл хэрэгжүүлэх болсон билээ. Хоёрдугаарт: Манай улс өнөөдөр боловсролын 12 жилийн тогтолцоонд шилжээд байна.. Энэхүү 12 жилийн тогтолцооны агуулга нь бодит амьдрал дээр тэр бүр бууж өгөхгүй байгаа нь үнэн. Яагаад гэвэл, хүүхэд 12 жил сурах бөгөөд 6-18 нас хүртлээ сурах болж байна. Гэтэл нөгөө талдаа тогтолцоо, сургалтын агуулга, арга зүй нь хуучнаараа. Өөрөөр хэлбэл, өмнөх 8-18 нас хүртлээ сурдаг тэр хэлбэр огт өөрчлөгдөөгүй. Өмнө нь 10 жил үздэг хичээлийг 12 жилд сунгаад тараагаад л зааж байгаа. 12 жил сурсан-сургасан энэ тогтолцоогоор  дэлхийн жишигт хүрч, суралцагч 12 дугаар ангиа төгсөөд шууд гадаадын их, дээд сургуульд суралцах боломж бүрдэх ёстой. 

1990-ээд оноос хойш бий болсон өөрчлөлтөөр суралцагч 10 дугаар ангиа төгсөөд гадаадад сурах боломж байхгүй. Энэ өөрчлөлтийг шинэ тогтолцоо халах учиртай. Үүнийг өөрчлөхийг бид санаачилсан. Төсөл хэрэгжсэнээр 12 дугаар ангид үзсэн хичээлээ МУБИС-ийн нэгдүгээр дамжаанд дахин үзэхээр бол шууд тооцуулж, кредитээ авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Гадаадад сурах бол шууд сурах учиртай. Нэг үгээр хэлбэл, төслийн үр дүнд их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд үзэх ерөнхий эрдмийн хичээлийг 12 дугаар ангидаа үзээд кредитээ тооцуулах боломжтой болно. Нөгөө талдаа “Маргад” дээд сургуулийн ЕБС-д суралцагч 10-12 дугаар анги буюу 3 жилийн хугацаанд дээд сургуулийн ерөнхий эрдмийн хичээлийг сонгосон мэргэжлийнхээ чиглэлийн дагуу судлах юм. Сонгосон мэргэжлийн чиглэлээр төрөлжин, гүнзгийрүүлж судалж буй хичээлийг МУБИС болон Маргад дээд сургуулийн эрдэмтэн, доктор багш нар  заах боломж бүрдэж байгаа. Ингэснээр хичээлийн агуулга илүү төрөлжсөн, мэргэжил сонголтод үр дүнтэй, ач холбогдолтой болно. Жишээ нь: Анагаах ухааны чиглэлээр мэргэжлээ сонгосон суралцагч хими, биологийн хичээлийг илүү судална, тэдэнд эрдэмтэн профессорууд хичээл заана гэсэн үг.
Гуравдугаарт: Дээрх хоёр ажил хэрэгжсэнээр сургуулийн бүтэц, агуулга нь өөрчлөгдөж байгаа. Үүний дараа багш нарын сэтгэлгээ, заах арга зүйг өөрчилнө. Сурагч төвтэй, хүүхдийн сонирхол хэрэгцээнд тулгуурласан сургалт явуулна. Суралцагч өөрөө  сурах үйлийнхээ  субъект нь болж идэвхтэй үйл ажиллагаа явуулах учиртай.

МАТЕМАТИК, БАЙГАЛИЙН УХААНЫГ ИЛҮҮ ОНЦГОЙЛНО

  • Таны ярианаас харвал өнөөдрийн боловсролын салбарт байгаа гадаад нэртэй олон тогтолцоо оновчгүй гэж ойлгож болохоор. Хүн бүхний ярьдаг шавь төвтэй сургалтын тогтолцоог улам боловсронгуй болгож амьдралд арай ойртуулж байгаа юм уу даа?

Тийм, яг үнэн. Өнөөдөр манай боловсролын тогтолцоо Кембрижийн гэдэг тодотголтой болж байгаа. Өмнө нь солонгос, япон гээд олон улсын жишигт хүргэх нэрийн дор баахан бужигнасан. Уг нь бидэнд үр хүүхдүүдээ эрдэм номд сургах олон зуун мянган жилийн уламжлалт сургалтын тогтолцоо,арга барил байсан. Төслийн үзэл баримтлал ч нэг талаараа монголын уламжлалт сургалтын арга ухаанд тулгуурлаж, хойч үеэ бэлтгэхэд чиглэж байгаа. Та бид мэднэ дээ, их бичгийн хүн Шагж багш монгол бичгийн цагаан толгойг арван дөрөвхөн хоногт багтаан  таниулж, хүүхдээ уншуулж, бичүүлдэг байлаа. Одоо цагаан толгойг бүтэн жил үзэж байна. Миний дээр хэлээд байсан агуулгыг нь сунгаад тавьчихсан гэдэг чинь энэ. Өнөөдөр бид хүүхдээ монгол хүн болгох ёстой. Одоо 12 дугаар анги төгсч байгаа хүүхдүүд маань монгол ч биш, англи ч биш болчхоод байна. 12 жилийн тогтолцоо бүрэн тогтоогүй энэ цагт, бид энэ төслийг хэрэгжүүлснээр суурь тогтолцоо бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж тус дэм болох учиртай. МУБИС болон “Маргад” дээд сургуулийн зорилго ч энэ чиглэл дээр огтлолцсон гэх үү дээ.

  • “Маргад” дээд сургуулийн зүгээс лаборатори  сургууль байгуулах материаллаг бааз, боловсон хүчин, сургалтын орчноо иж бүрэн бүрдүүлжээ гэж ойлгож байна. Яагаад заавал математик, байгалийн ухааны чиглэлийг сонгож авав?

“Математик бол бүх шинжлэх ухааны хаан” гэдэг. Энэ утгаараа бидний өдөр тутмын амьдрал тэр чигтээ математик тооцоолол, загварчлал дээр тулгуурлан хөгждөг. Байгалийн ухааныг өнөөдрийн 12 жилийн сургалтад хими, физик, биологи, газар зүй гэж салгаж үздэг. Бид дээрх хичээлүүд нь байгалийн ухааны салшгүй хэсэг учир нэгдмэл байдлаар судлах боломжтой гэж ойлгож эдгээр хичээлийн агуулгыг нь интеграцчилахаар шийдсэн. Байгаль дээрх бүх зүйл физикийн үзэгдэл дээр үндэслэдэг учраас агуулгын интеграц  хийх бүрэн боломжтой. Нөгөө талаас манай сургуулийн захирал Ц.Эрдэнэчулуун дээрх хичээлүүдийн интеграци сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Докторын зэрэг хамгаалсан ажлаа одоо хөрсөн дээр буюу амьдрал дээр буулгах, үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр энэ төслийг санаачилсан юм. Математик , байгалийн ухааны чиглэлийг илүү онцгойлсны учир энэ. Бусад чиглэл, мэргэжлээр хичээл судлах, мэргэжил сонгохыг хүссэн хүн бүхэнд бид боломжийг нь бүрдүүлж өгнө.

ОХУ-ААС  БАЙГАЛИЙН УХААНЫ ХИЧЭЭЛИЙН ЛАБОРАТОРИ ОРУУЛЖ ИРНЭ

  • Манай аймагт яамны харьяа лаборатори наймдугаар сургууль гэж бий. Энэ мэт бусад сургуулиас ялгагдах онцлог нь юу байх бол?

VIII сургууль бол өнөөдрийн 12 жилийн сургалтын туршилтыг явуулж байгаа. Манайх бол дээрх 3 үзэл баримтлалыг хэрэгжүүлэх түшиц сургууль болох юм. Агуулга, арга технологи, мэргэжил сонголт, мэргэших тал дээр арай өөр илүү өндөр түвшинийх юм. Байгалийн ухааны  хичээлийн 70-80 хувь нь лабораторид явагдана. Дадлага ажлынхаа явцад онолын мэдлэгээ олж авах, бататгах тал дээр нь бид илүү анхаарна. Дадлага ажилгүйгээр бид чанартай, мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэж чадахгүй. Тэгээд ч байгалийн ухааны хичээлүүдийг сайн судалъя гэвэл туршилт-дадлага ажил маш чухал. Манай сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал С.Хаш-Эрдэнэ энэ тал дээр ихэд анхаарч үр бүтээлтэй ажиллаж байгаа. Ирэх намар гэхэд манай хамт олон ОХУ-аас байгалийн ухааны хичээлийн лаборатори оруулж ирэхээр ажиллаж байна. Хүн 5 мэдрэхүйтэй. Суралцагч тухайн зүйлийг онолоор биш амталж болохыг нь амталж, үнэрлэхийг нь үнэрлэж, хүрч болохыг нь хүрч, сонсч болохыг сонсч,  харж мэдэрч байж сая тухайн зүйлийн мөн чанарыг бүрэн  танина. Түүнээс биш онолоор бөмбөгдөхийг урьтал болгохгүй, бидний хувьд хичээлийн бүх анги танхимаа лаборатори болгоно.

  • Судлаач эрдэмтэн хүний хувьд таниас нэг зүйлийг тодруулмаар байна. Өнөөдөр манай улсын боловсролын тогтолцоо байнга өөрчлөгдөх боллоо. Солонгос , япон, одоо америк гээд л явж байна. Удирдаж байгаа сайд нь өөрийнхөө салбарт тулгаад байгаа ч юм шиг. Бараг тухайн сайд гадаадын ямар оронд боловсрол эзэмшсэн байна, түүнийгээ хэрэгжүүлэх гээд ирээдүй хойч үеэ баахан турших юм. Энэ нь эргээд сонгуультай ч холбогдох боллоо. Ялсан намын ямар ч хүн боловсролын сайд болонгуут тогтолцоо өөрчлөгддөг. Хэдий болтол ингэж явах вэ, энэ зөв юм уу?

Таны хэлж байгаа үнэн л дээ. Миний хувьд Монголын боловсролын сүүлийн 60 жилийн түүхийг биеэрээ туулж байна. Миний мэдэхийн сургуулийн бүтцийг 7 удаа өөрчилсөн. Өнөөдөр 5.4.3 гэсэн бүтцээр явж байгаа. Бүтэц сольсноор ахиц гардаг ч юм биш. Бусад орон бол сургуулийн бүтцээ эвддэггүй. Японых 250, америк 200 жил боловсролынхоо бүтцийг эвдээгүй өнөөг хүрч ирсэн. Манай улс сүүлийн 60 жилд 7 удаа өөрчилжээ. Бараг 10 жил тутамд нэг удаа өөрчлөөд байх шиг. Сүүлдээ боловсрол, эрүүл мэндийн салбарыг улс төржүүлэх нь хэрээс хэтэрч байна Их хурал өөрчлөгдөх бүрт Боловсролын хуулийг өөрчилж, маш тогтворгүй болгож байна. Уг нь боловсрол, эрүүл мэндийн салбарыг өөрсдөд нь даатгах учиртай. Нэг сайд гарч ирээд л нэг тогтолцоо ярьдаг болчихлоо. Миний хувьд гэхэд 10 гаруй сайдын нүүр үзэж байна. 1990-ээд оноос өмнө салбарын сайд нэг их өөрчлөгддөггүй байлаа. Дандаа мэргэжлийн хүмүүс. С.Жамсран, Б.Даваасүрэн, Д.Ишцэрэн гээд манай мундгууд байсан. Б.Даваасүрэн сайд л гэхэд бага ангийн багшаас ажлын гараагаа эхэлсэн учраас боловсролын салбарыг 10 хуруу шигээ мэддэг байсан. Мэргэжлийн бус хүн бол хүний ам дагахаас өөр арга байхгүй. 1990-ээд оноос хойш боловсролын салбар толгойгүй сайд нарын үзэгний үзүүрт өртөгдөх боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн үр дүн 12 жилийн дараа л  гардаг. Ийм онцлогтой хүнд салбар. Гэтэл үүнийг сонгуулийн 4 жилийн тогтолцооны сайдад хамааруулбал, өнөөдрийн нэгдүгээр ангийн хүүхэд 12 дугаар анги төгсөхдөө багаар бодоход гурван сайдын нүүр үзэж, гурван өөр тогтолцоо дамжих гээд байна. Уг нь төр, боловсролын талаар үндэсний хар хайрцагны бодлого баримтлах учиртай  юм.

  • Нөгөө талдаа хүүхдийн хүмүүжил үндсэндээ алдагдсан. Сургууль багшийн хувьд хичээл заах стандарт хангах үүрэг хүлээж байна. Бид хүүхдээр хүн хийхийг, зөв хүн болгохыг илүүд үздэг тэр цаг үгүй болж. Энэ тал дээр юу гэх вэ?

Тийм л дээ. Багш, сургууль өнөөдөр сургалтын хөтөлбөр, агуулгын стандарт хангалтад анхаарлаа хандуулдаг. Хүмүүжил нь алдагдсан. Бие нь өсөөд л байдаг, ухаан нь муудаад л байх шиг. Манай “Маргад” сургуулийн удирдлага, хамт олны зүгээс энэ тал дээр нэлээд анхаардаг. Улаантолгойд 6 га газарт мод бут, жимсгэнэ, хүнсний ногооны газар байна. Мөн Дундадын голд 2 га газарт хөдөлмөр, амралтын зуслан байгуулсан. Бид дээд сургуулийн оюутнуудынхаа хүмүүжил, төлөвшлийг  улирал бүр судалж эцэг, эх болоод өөрт нь танилцуулдаг. Төлөвшлийг нь дүгнээд ахиц, бууралтыг нь судалдаг. Оюутан, сурагчаа цаашид ямар хүн болох нь вэ, төлөвшилтөд нь юу нөлөөлж байна вэ гэдгийг нарийн судалдаг энэ ажил яваандаа “Маргад” сургуулийн брэнд болох байх. Суралцагчийнхаа хувь хүний төлөвшилтийн тал дээр судалгаа хийдэг сургууль тэр бүр байна уу. Бид монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааныг одоо ч судалдаг. Эр хүний зургаан шинж, эм хүний найман шинж, арван хар нүгэл, арван цагаан буяныг багаас нь мэдрүүлэх хэрэгтэй. Одоо хэл яриа бол угтаа алдагдлаа. Хүүхдүүдийн яриа цөөн хэдэн үгэнд эргэлдэж байна. Энэ бүхнийг анхаарах цаг болсон.

 
ЭНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 1, 6, 10 ДУГААР АНГИДАА ШИНЭЭР ЭЛСЭЛТ АВНА

– Төслийн үр дүн хэдийнээс харагдах бол?

Боловсролын яамны зүгээс хөдөөгийн аймгуудад лаборатори сургууль байгуулах үүрэг өгсөн. Манай сургууль мөн ийм сургууль байгуулахаар зорьж байсан. Энэ хоёр зорилго нэг цэг дээр огтлолцсон учраас төсөл илүү үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжинэ гэж бодож байгаа. Нөгөө талаасаа хоёр тал тодорхой хариуцлага хүлээсэн. Гэрээнд зааснаар “Маргад” дээд сургууль нь төслийн үйл ажиллагааг явуулах стандарт орчин буюу анги танхим, техник хэрэгсэл, онлайн орчныг бүрдүүлнэ. Мөн лаборатори сургуулийн багш нарыг сонгон шалгаруулж, бүс нутгийн хэмжээнд багш мэргэжлээр суралцах сонирхолтой математик, байгалийн ухааны чиглэлээр сонгон суралцах сурагчдыг элсүүлж, дотуур байраар хангах, үүрэг хүлээсэн. МУБИС-ийн зүгээс тус лаборатори ЕБС-ийн сургалтын төлөвлөгөө, цөм хөтөлбөрийн шинэчлэлийн дагуу сургалтын арга зүй-технологийг боловсруулах, суралцагчдыг сурах бичиг, гарын авлагаар хангах зэрэг олон үүрэг хүлээж байгаа. Төслийн эхний үр дүн өнөөдрийн 5:4:3 гэсэн тогтолцооны дагуу энэ хичээлийн жилийн 10 дугаар ангид элсэгч маань гурван жилийн дараа их, дээд сургуульд ороход харагдана. Мөн нэгдүгээр ангид элссэн сурагчийн хувьд дунд ангид орох тэр цагт үр дүн нь мэдрэгдэнэ.

  • Хүүхдүүд буюу элсэгчдээ яаж авах вэ. Орон тоо заасан уу?

Манайд сурахыг хүссэн хүн бүхэнд “Маргад” ЕБС-ийн хаалга нээлттэй. 1, 6, 10 дугаар ангидаа шинээр элсэлт авч байна. Энэ ангийн хүүхдүүд төсөлд хамрагдана. Элсэлтэд ямар нэг босго тавихгүй. Бидэнд багшлах боловсон хүчин, материаллаг бааз, анги танхим хүрэлцээтэй байгаа. Иймээс манай сургуульд тэр дундаа 1, 6, 10 дугаар анид элсэхийг хүссэн хүүхэд бүхэнд манай сургуулийн хаалга нээлттэй.

Ярилцсан: Н.Төр