Архангай аймгийн Чулуут сумын 12 жилийн дунд сургуулийн түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна. Тус сургуулийн хамт олон түүхт 90 жилийн ойгоо угтаж олон төрлийн ажил зохиож байгаагийн нэг нь тус сургуулийн монгол хэлний багш агсан Ардын Боловсролын Тэргүүний ажилтан М.Өөлдийн нэрэмжит Монгол хэлбичгийн олимпиадыг Хангайн бүсийн сургуулиудын дунд 2016 оны 04-р сарын 09-нд зохион байгуулав. Тус олимпиадад Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Ихтамир сумын сургуулиуд оролцохоос Тариат, Өндөр-Улаан, Чулуут сумын сургуулиудын VI-XII ангийн аварга сурагчид, монгол хэлний багш нар мэдлэг, чадвараа сорилоо. Энэхүү олимпиадын шагнал урамшил, алт, мөнгө, хүрэл медаль, цомыг Эрдэнэт хотын “Маргад” дээд сургуулийн ерөнхий захирал Ц.Эрдэнчулууны санаачлагаар 1976 оны Чулуутын сургуулийн төгсөгчид ивээн тэтгэсэн ба “Монгол хэлбичгийн кабинет” байгуулж тохижуулж өгөв. Энэ арга хэмжээний хүрээнд тус сургуулийн захирлаар ажиллаж байсан доктор, дэд профессор Ц.Нацагдорж болон тус сургуулийн ахмад багш нар урилгаар оролцож, захирал Ц.Нацагдорж олимпиадад оролцож байгаа болон Чулуутын багш нарт “Сургалтад инновацийг нэвтрүүлэх аргууд” сэдвээр сонирхолтой лекц уншиж багш нарын талархлыг хүлээв.