70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

“Маргад” дээд сургуулийн “Боловсрол судлалын магистр”-ын дипломын ажилд тавих шаардлага, гүйцэтгэх дэс дараалал

Аливаа судалгаа шинжилгээний ажлыг тодорхой зорилго, төлөвлөгөө, үе шаттай хийнэ. Судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэхдээ дараах дэс дарааллыг баримтална.Үүнд:

  • Дипломын ажлын сэдвийг сонгож, зорилгоо тогтоох
  • Дипломын сэдвийнхээ судлагдсан байдалд үнэлэлт дүгнэлт өгөх
  • Энэхүү дүгнэлт дээрээ үндэслээд уг объектын хувьд чухам юуг ялган авч судлах гэж байгаа өөрөөр хэлбэл зорилтоо тодорхойлох
  • Судалгааны аргачлал боловсруулах
  • Судалгаа, туршилт явуулах
  • Судалгааны үр дүнг боловсруулж, дүн шинжилгээ хийх
  • Судалгааны ажлын үр дүнгээр дүгнэлт, зөвлөмж бичих
  • Судалгааны үр дүнгээр дипломын  ажил бичих

Дипломын ажлын сэдвийг сонгож зорилгоо тогтоох

Боловсрол судлалын магистрын дипломын ажил нь олон улсын болон өөрийн улс орон, нутаг дэвсгэрийн боловсролын салбарын өмнө нэн чухлаар тавигдаж буй асуудлыг судалж шийдвэрлэх зорилгыг агуулна.Энэхүү зорилгыг ганц удаагийн судалгаагаар шийдвэрлэж чадахгүй. Өөрөөр хэлбэл судалгааны ажлын эцсийн үр дүн буюу зорилгодоо хүрэхийн тулд судлаач тодорхой зорилтыг дэвшүүлж, үнэн зөв, оновчтой шийдвэрлэсэн байх шаардлагатай.

Судлах гэж буй зүйлийнхээ судлагдсан байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх

Судлах гэж буй зүйлийнхээ судлагдсан байдлыг судлахдаа аль болохоор бүрэн мэдээлэл авч, үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгөхөд чиглэгдэнэ. Судалгаа шинжилгээний ажил бүхэн урьд өмнө эрдэмтэн, судлаачдаас тухайн чиглэлээр хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үргэлжлэл болж байдаг. Ийм учраас тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тухайн чиглэлд дэлхийн хэмжээнд юм уу, тухайн чиглэлийн судалгаа хийдэг гадаадын ба өөрийн орны эрдэмтдийн судалгааны ажлын үр дүн, судалж буй зүйлийн одоогийн байдлыг нарийн судалж үнэлэлт дүгнэлт өгнө. Үүний тулд судалгааны ажилтай төстэй мэдээлэл, шинжлэх ухаан техникийн зохих бүтээл, баримт бичиг, стандартыг цуглуулж судлах, патентын судалгаа явуулах, урьд нь хийсэн судалгааны материалыг цуглуулж тэмдэглэл хөтлөх, ижил төстэй чиглэлүүдийг бүртгэн авч харьцуулсан дүгнэлт судалгаа хийх зэрэг олон талт үйл ажиллагаа гүйцэтгэнэ.

Дипломын ажлын зорилтоо тодорхойлох

Судлах гэж буй зүйлийнхээ талаар үнэн зөв, бүрэн мэдээлэлтэй болж, тодорхой дүгнэлт хийсний  үндсэн дээр дипломын ажлынхаа зорилтыг тодорхойлно.Энэ нь эцсийн зорилгодоо хүрэхийн тулд тухайн судлаач чухам ямар зорилтыг шийдвэрлэвэл зохихыг тогтооно гэсэн үг юм. Зорилтыг тогтоосны үр дүнд  эцсийн бүтээгдэхүүн буюу сайжруулан шинэчлэх зүйлийнхээ эдийн засгийн үр ашгийн тооцоог ойролцоогоор урьдчилан хийж, судалгааны ажлынхаа хөтөлбөр, график, төлөвлөгөөг боловсруулна. Өмнөх судлаачдын хүрсэн үр дүнд дүгнэлт хийж түүнийг цааш нь үргэлжлүүлэх юм уу, өөр орчин, нөхцөлд давтан хийх шаардлагыг нарийн тодорхойлоогүйгээс судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээр нэгэнтээ баталагдсан зүйлийг дахин нотлох гэж илүү цаг, хөрөнгө, хүч зарцуулах, өөрөөр хэлбэл судлаачийн өөрийн гэсэн үр дүнд хүрэхггүй болох талтайг онцгой анхаарах шаардлагатай

Судалгааны аргачлал боловсруулах

Судалгааны аргачлалд авч үзэж байгаа зүйлийг судлах, танин мэдэхтэй холбоотой бүх асуудлыг тусгана. Тухайлбал, судлах гэж буй зүйлийн шинж чанар, судлах шаардлагатай хүчин зүйлүүд, тэдгээрийн дотроос судалгаанд нөлөөлөх тогтмол ба хувьсах хүчин зүйлүүдийн шинж төлөв, хэмжих шалгах багажийн нэр, ажиглах, хэмжих тоон үнэмшлийн тухайн хязгаарыг хангасан байхаар тогтооно.

Аргачлалд судалгааны үр дүнг боловсруулах аргуудыг тодорхой дэлгэрэнгүй тусгана.

Судалгаа туршилт явуулах

Судалгааны ажлыг батлагдсан аргачлалын дагуу үнэн, зөв явуулж, зохих үр дүнд хүрэх нь судлаачийн судалгааны ажлын хамгийн хариуцлагатай үе байдаг. Судалгааг онол, туршилтын хэлбэрийг хослон хийнэ.

Судалгааны ажлыг явуулснаар тодорхой төсөөлөл бий болох, судалгааны объектын загвар гаргах, нэмэлт тайлбар, үндэслэл бий болгох, онол, туршилт, судалгааны үр дүнг харьцуулах зэрэг эерэг боломжийг бүрдүүлнэ.  

Судалгааг явуулахдаа онолын судалгааны үндсэн дээр лабораторийн ба хээрийн туршилт хийнэ. Судалгааны ажлын энэ үе шатанд хэмжилтийн үр дүнг бүртгэх журнал хөтөлж, багаж төхөөрөмжийн ажиллагааны байдал, нарийвчлалд байнгын анхаарлаа хандуулах шаардлагатай.

Судалгааны үр дүнг боловсруулж, дүн шинжилгээ хийх

Туршилтын үр дүн нь түүний үнэн мөнийг магадлах боломжийг бүрдүүлнэ. Судалгааны үр дүнг математик статистикийн аргаар боловсруулна. Туршилтын явцад судалж байгаа зүйлийн тоон ба чанарын өөрчлөлтийн зүй тогтолд нөлөөлөх гол хүчин зүйл, тэдгээрийн харилцан хамаарлыг тогтооно.

Судалгаагаар гарсан үр дүнг урьд өмнө хийсэн юм уу, төстэй судалгааны дүн, эдийн засгийн үзүүлэлттэй харьцуулж дүн шинжилгээ хийнэ.

Судалгааны үр дүнгээр дүгнэлт, зөвлөмж бичих

Судалгааны ажлын үр дүнг нэгтгэх, дүгнэлт, зөвлөмж бичих үйл ажиллагааг тодорхой дүрэм, стандартын дагуу хийнэ. Судалгаа шинжилгээний ажлын энэхүү үе шат нь судалгааны үр дүнд бодит дүгнэлт хийх, технологийг сайжруулахтай холбоотой зөвлөмж боловсруулахад чиглэгдэнэ. Судалгааны үндсэн дээр гарах дүгнэлт, зөвлөмж нь товч тодорхой, мөн чанарын үзүүлэлтээс гадна тоон үзүүлэлтийг агуулах ёстойгоос гадна үр дүн нь бодит байдалд нийцсэн, үнэн, зөв байвал зохино.

Магистрын дипломын ажилд тавих ерөнхий шаардлага

Дипломын ажлыг А4 хэмжээний цагаан өнгийн  цаасны нэг талд size 12 мм-ээс багагүй өндөртэй шрифтээр мөр хооронд 1,5 интервалаар компьютерээр бичиж хэвлэнэ. Хуудсанд бичсэн бичлэг нь цаасны захаас зүүн гар талд 20 мм, баруун гар талд 1,5, доод талдаа 1,5 мм-ээс багагүй зайтай байна. Бичлэгийн үсэг нэг бүр тодорхой, хар өнгөтэй, бичлэгийн нягт ижил байх шаардлагатай бөгөөд бичлэгийн дөрвөн талд гаргах зайг тохируулсан үед компьютер өөрөө автоматаар тохируулан бичнэ.

Дипломд хүний овог нэр, албан газар, улс орны нэр, байгууллагын нэрийг тавьдаггүй. ШУТИС, ХААИС г.м/

Дипломын ажлын үндсэн хэсгийн бичлэг нь бүлэг/раздел/, бага бүлэг/подраздел/, зүйл/пункт/ гэж хуваагдана. Бүлгийн нэрийг цаасныхаа хоёр талд харьцангуйгаар голлуулж тодоор бичих бөгөөд бага бүлэг, зүйлийг мөрийн эхнээс 15-17мм-ийн буюу 5 үсгийн зайг орхиж бичнэ.

Гарчагийг тасалж болохгүй, гарчгийн төгсгөлд цэг тавьдаггүй. Хэрэв гарчаг хоёр өгүүлбэрээс бүтсэн бол цэгээр зааглаж болно. Гарчаг үндсэн бичлэгийн хоорондох зай 3-4 интервал байна. Бүлэг тус бүрийг шинэ хуудаснаас эхлэн бичнэ.

Дугаарлалт

Дипломын ажлын бичлэгийн хуудас нэг бүрийн доод талын өнцөгт араб тоогоор дугаарлана. Нүүр хуудас ерөнхий дугаарлалтад орох боловч түүн дээр дугаар тавьдаггүй. Бүлэг нэг бүрийг бичлэгийн эхнээс дараалуулан дугаарлаж араб тооны ард цэг тавьж бичнэ. Харин удиртгал, дүгнэлтийг дугаарладаггүй. Бага бүлэг, уг бүлгийнхээ хүрээнд /1.1, 1.2, 1.3 г.м / дугаарлах ба бүлэг, бага бүлгийг дугаарласан тооны ард  болон уг дугаарын ард цэг тавина. /1.1,4.3 г.м / зүйлийг бага бүлгийн хүрээнд араб тоогоор бичиж дугаарлана.  Тэгэхдээ бүлэг, бага бүлэг, зүйлийг тэмдэглэсэн тоонуудын хооронд цэг тавьж тэмдэглэнэ./2.1.4- энэ нь хоёрдугаар бүлгийн доторх нэгдүгээр бага бүлэг, дөрөвдүгээр зүйл гэсэн тэмдэглэгээ/

Бичлэг  дотор  орсон хүснэгт, зураг,  схем, график бүхий хуудас ерөнхий дугаарлалтад орно. Дипломын бичлэгийн хэсэгт зураг, хүснэгтийг бүлгийн хүрээнд 1,2-р зураг, 1,3-р хүснэгт гэх мэтчилэн бичиж тэмдэглэнэ. Хэрэв ганцхан зураг, хүснэгт байвал түүнийг дугаарлахгүйгээр бичнэ. Зураг, хүснэгт, график тус бүрт тодорхой нэр өгч, тайлбарыг бичлэгийн хэсэгт хийнэ. Бичлэгийн  дотор хэд хэдэн тайлбар хийх шаардлагатай бол “Тайлбар” гэсэн үгийн ард тодорхойлох цэг тавьж тайлбар нэг бүрийг бичээд араб тоогоор дараалуулан:

Тайлбар:

1……………………………………….

2……………………………………….

3………………………………………. гэж бичиж тэмдэглэнэ. Хэрэв ганцхан тайлбар байвал дугаарлахгүй.

Нүүр хуудас. Дипломын  анхны хуудас нь нүүр хуудас болно. Нүүр хуудасны тоогоор дугаарласан талбайг дараах байдлаар бөглөнө. 

1.Байгууллагын нэр
2.Улсын бүртгэлийн дугаар                               
3.Горилогчийн овог нэ
4.Сэдвийн нэр                                      
5.Мэргэжлийн нэр, шифр
6.Хот,огноо

Агуулга/гарчаг/.  Агуулгад бүх бүлэг, бага бүлэг, зүйлийг шинэ мөрнөөс эхлэн бичиж хэддүгээр хуудаснаас эхэлсэн дугаарыг бичнэ.

Таних тэмдэг, нэгж, нэр томъёоны тэмдэглэл. Тусгай нэр томъёо, товчилсон үг ашигласан бол түүнийг эхний хуудсанд цагаан толгойн үсгийн дэс дарааллаар тайлбартайгаар өөрөөр хэлбэл товчилсон үгийг бүтэн үгээр нь, томъёонд орсон үсэг, тэмдэглэгээг чухам юу зааж буйг шинэ мөрнөөс эхлэн бичнэ.

Ашигласан материалын жагсаалт. Дипломын ажил бичихэд ашигласан, ишлэл авсан бүтээлийг ашигласан материалын жагсаалтад бичнэ. Жагсаалтыг хийхдээ цагаан толгойн үсгийн дэс дарааллын дагуу зохиогчийн нэрийн дарааллаар юм уу, эсвэл диплом бичихэд ишлэл авсан дэс дарааллаар гүйцэтгэнэ. Ашигласан материалын жагсаалтыг бичихдээ эхлээд зохиогчийн нэр, дараа нь бүтээлийн нэр, ямар нэртэй хэвлэлийн газар, хэдэн онд хэвлэсэн, хуудасны тоог бичнэ.