70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

"МАРГАД" ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН АЛБАНЫ ЖУРАМ

Энэхүү журмаар “Маргад” дээд сургуульд оюутан элсүүлэх, сургах, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, бүртгэл мэдээллийн системийг оновчтой болгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
Сургалтын алба нь Тэнхимийн эрхлэгчид, хичээлийн туслах ажилтнуудаас бүрдэнэ.
Нэг. Элсэлт

1.1   Оюутан элсүүлэх ажлыг захирлын тушаалаар томилогдсон Элсэлтийн Шалгалтын Комисс зохион байгуулна.

1.2   Тус сургуулийн ахлах сургуульд суурь боловсролтой иргэдийг элсүүлэн 3 жил сургаж, анги дэвших болон улсын шалгалтаа амжилттай өгсөн тохиолдолд “Бүрэн дунд боловсрол” олгоно.

1.3   Бакалаврын салбарт оюутан элсүүлэхдээ боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан үлгэрчилсэн дүрмийг үндэс болгож бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг элсүүлэн 4 жил сургаж “Маргад” дээд сургуулийн оюутан төгсгөх журам”-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд бакалаврын зэрэг олгоно.

1.4   Элсэгчдийн материал, бичиг баримтын бүрдэлтийг Сургалтын албаны дарга, Тэнхмийн эрхлэгчид хянаж, оюутан элсүүлэх тухай тушаалын төслийг боловсруулан Ерөнхий захиралд танилцуулна.    

1.5   Оюутан элсүүлэх тухай Ерөнхий захирлын тушаал гарснаар  нэр заасан элсэгчдийг “Маргад” дээд сургуулийн оюутан болсонд тооцно.

Хоёр. Хичээл зохион байгуулалт    

2.1   Батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу тухайн улиралд орох хичээлийн хуваарийг Сургалтын албаны дарга, Тэнхмийн эрхлэгчидтэй зөвшилцөн  гаргаж, Ерөнхий захирлаар батлуулан мөрдөнө.

2.2   Хичээлийн нэг цагийн үргэлжлэх хугацаа 90 минут байна. Завсарлага 10 минут, их завсарлага 20 минут байна.

2.3   Лекцийн нэг бүлгийн оюутны тоо 100-аас ихгүй, семинарын нэг бүлгийн оюутны тоо нь 8-16 байна

Гурав.  Хичээлийн явцын хяналт

Сургалтын үр дүн, багш нарын цаг ашиглалтыг сайжруулах үүднээс Сургалтын алба, хичээл сургалтын явцад байнгын хяналт тавьж ажиллана.

3.1  Хичээлийн хуваарийн цагийн биелэлтийн хяналтыг тухайн Тэнхмийн эрхлэгч, хичээлийн туслах ажилтан хамтран гүйцэтгэнэ.

3.2  Хичээлийн агуулга-арга зүйн  хяналтын ажлыг дараах аргаар хийж гүйцэтгэнэ.

  • Тухайн хичээлийг судалж байгаа оюутнуудаас түвшин тогтоох шалгалт авах
  • Оюутнуудын шалгалтын дүнд шинжилгээ хийх
  • Оюутны санал асуулгын дүнд судалгаа шинжилгээ хийх

Дөрөв. Оюутны сурлагын дүнг үнэлэх, бүртгэх, баталгаажуулах

4.1  Оюутны сурлагын амжилтыг БСШУ-ны сайдын 2003 оны 158 тоот тушаалын хавсралт “Дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг чадварыг дүгнэхэд баримтлах журам”-ын дагуу үнэлнэ.

4.2   Хичээлийн эцсийн үнэлгээг явцын ба батлах  шалгалтаар тооцно

4.3  Улирлын шалгалт нь уламжлалт болон тест, бодлого, дасгал, аман ба бичиг, маргаан, мэтгэлцээн, төсөлт ажил, бүтээлийн сан зэрэг хэлбэртэй байх бөгөөд шалгагч багш тухайн хичээлийн онцлогт тохируулан Хөтөлбөрийн хороотой  зөвшилцөн тохирч шалгуурыг нь боловсруулж, шалгалтыг зохион байгууулна.

4.4  Багш бүр оюутны улирлын явцад авсан дүнг дүнгийн хуудаст бичиж, улирлын төгсгөлд Тэнхмийн эрхлэгчид өгсөн байна. Уг дүнгийн хуудсыг Тэнхимийн эрхлэгч Багшийн журналтай тулгаж шалган гарын үсэг зурж, шалгалт авах өдөр шалгагч багш (комисс)-д өгнө.

4.5  Багш нь шалгалтын дүнг журналд бичиж, оюутны тухайн хичээлийн эцсийн үнэлгээг гарган Сургалтын албанд өгнө. (дүнгийн хуудас ямар нэгэн засваргүй байх ёстой)

4.6  Сургалтын албаны дарга, хичээлийн туслах ажилтан оюутны дүнг нэгтгэн голч дүн гаргах, дүнгийн нэгтгэл хөтлөх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

4.7  Сургалтын албаны дарга, хичээлийн туслах ажилтан оюутан бүрийн үнэлгээг компьютерт оруулан  хадгалж, дүнгийн хуудсыг Сургалтын албаны дарга архивлан хадгална.

4.8  Сургууль төгсч байгаа оюутны дипломын хавсралтад бичих дүнгийн жагсаалт, голч үнэлгээг Сургалтын албаны дарга, хичээлийн туслах ажилтан бэлтгэн, Тэнхмийн эрхлэгч, хичээл заасан багш нарт танилцуулна.

4.9  Дипломын хавсралтад Ерөнхий захирал, Сургалтын албаны дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

Сургалтын албаны бүтэц, зохион байгуулалт

БАКАЛАВРЫН  ДИПЛОМ БОЛОН ТӨСӨЛТ АЖИЛ ХАМГААЛАХ, ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1  “Маргад” дээд сургуулийн Сургалт, судалагааны алба сургалтын нэгдсэн хуваарьт заасан хугацаанд төгсөх оюутны диплом болон төсөлт ажлын хамгаалалт, төгсөлтийн шалгалтыг сургуулийн хэмжээнд удирдлагаар ханган зохион байгуулна.

1.2  Сургалт, судалгааны алба, холбогдох нэгжүүд диплом болон төсөлт ажлын агуулга, хэмжээ, төгсөлтийн шалгалтад тавих үндсэн шаардлага, зааврыг боловсруулан  Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж мөрдөнө.

ХОЁР. ТӨГСӨХ ОЮУТНЫ БҮРТГЭЛ

2.1  Сургалт, судалгааны алба доорх шаардлага хангасан оюутныг төгсөх оюутнаар бүртгэнэ.Үүнд:

2.2  Бакалаврын зэрэгтэй төгсөх оюутан Сургалтын төлөвлөгөөний кредитийг бүрэн цуглуулсан байна.

      2.3  Тухайн мэргэжлээр суралцаж буй оюутны сурлагын үнэлгээний голч дүн 2,8 ба түүнээс дээш бол төгсөлтийн шалгалт, диплом болон төсөлт ажлын аль нэгийг сонгож гүйцэтгэх, 2,8-аас бага бол төгсөлтийн шалгалт өгнө.

      2.4  Мэргэжлийн онцлог, бэлтгэн гаргаж буй мэргэжилтэнд тавих шаардлагыг харгалзан зарим мэргэжлээр төгсөлтийн шалгалт авахгүй, зөвхөн диплом болон төсөлт ажил, бүтээлээр хамгаалуулан төгсгөж болно. Энэ тохиолдолд Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн, зөвшөөрлөө Сургалт, судалгааны албанд ирүүлсэн байна.

       2.5  Горилогч оюутан  диплом болон төсөлт ажлын сэдэв, удирдагчаа харьяалагдах Тэнхимийн тэргүүлэх багш нараас мөн гаднаас мэргэжлийн эрдэмтнийг сонгон авна.

        2.6  Горилогч оюутан  Сургалтын төлөвлөгөөний дагуу диплом болон төсөлт ажил, төгсөлтийн шалгалтын кредитийн төлбөрийг төлсөн байна.

        2.7  Төгсөх оюутны код, эцэг эхийн нэр, диплом болон төсөлт ажлын сэдэв, удирдагчийн нэр,  төгсөлтийн шалгалт өгөх, диплом болон төсөлт ажил хамгаалах хугацааг тодорхойлсон тушаалын төслийг харьяа Тэнхим төлөвлөж, Сургалтын албанд өгсөн байна.

ГУРАВ. ДИПЛОМ БОЛОН ТӨСӨЛТ АЖИЛ ХАМГААЛАХ ОЮУТАНД ТАВИХ ШААРДЛАГА

 3.1  Мэргэжлийн дипломтой оюутан диплом болон төсөлт ажил хамгаалахад  90-ээс багагүй кридет цуглуулсан байх

3.2  Бакалаврын зэрэгтэй төгсөх оюутан  төгсөлтийн шалгалт өгөх, диплом болон төсөлт ажил хамгаалахад дараах шаардлага хангасан байна.Үүнд:

  • Тухайн мэргэжлийн Сургалтын төлөвлөгөөний кредитийг бүрэн цуглуулсан байх
  • Диплом болон төсөлт ажил хамгаалах оюутны сурлагын үнэлгээний голч дүн 2,8 ба түүнээс дээш байх.
  • Төгсөлтийн шалгалт өгөх оюутны сурлагын үнэлгээний голч дүн 2,5 ба түүнээс дээш байх
  • Горилогч оюутны тухайн мэргэжлийн суурь хичээлийн дүн В ба түүнээс дээш байх

3.3  Сургалтын албанаас дипломын хавсралтад бичих дүн баталгаажсаны дараа  “Диплом болон төсөлт ажлын сэдэв, судалгааны ажлын удирдагчийг батлах тухай” сургуулийн Ерөнхий захирлын тушаалд тухайн горилогч оюутны нэрийг оруулна. Төгсөх оюутнуудын дүнгийн баталгаажилтыг VII улиралд хийсэн байна. Уг тушаалд нэр нь ороогүй оюутан диплом болон төсөлт ажлын хамгаалт, төгсөлтийн шалгалтад орох эрхгүй болно. Захирлын тушаалд нэр нь орсон төгсөгч оюутан диплом, дипломын хавсралтын үнэт цаас, дипломын хавтасны үнийг 2 сарын өмнө Сургалтын албанд тушаах ба Үнэт цаасны үйлдвэрт захиална.

3.4  Диплом болон төсөлт ажлын хамгаалалт, төгсөлтийн шалгалтыг Ерөнхий захирлын тушаалаар баталсан Төгсөлтийн салбар комиссууд удирдан явуулна. Уг салбар комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна.

3.5  Төгсөлтийн шалгалт, диплом болон төсөлт ажлын хамгаалалтын хугацааг сургуулийн хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуваарьт тусгасан байна.

ДӨРӨВ. ДИПЛОМ  БОЛОН ТӨСӨЛТ АЖЛЫГ ҮНЭЛЭХҮЙ

4.1  Урьдчилсан хамгаалалт.   Урьдчилсан хамгаалалтыг нэг долоо хоногийн өмнө холбогдох хүмүүст зарлан мэдээлж хуралдуулна. Урьдчилан хамгаалалтаар горилогч оюутанд ажлын гүйцэтгэл, өөрийн үзэл, хандлагаа хамгаалсан байдлыг харгалзан 0-20 хүртэл оноо өгнө.

4.2  Жинхэнэ хамгаалалт. Урьдчилсан хамгаалалтаас зохих оноо авсан горилогч оюутан дараагийн товлосон хугацаанд жинхэнэ хамгаалалтаа хийнэ..

4.3  Судалгааны ажлын удирдагчийн үнэлгээ.   Судалгааны ажлын удирдагч, шүүмжлэгч 0-50 хүртэл оноо өгөх бөгөөд горилогч оюутныг хамгаапахаас нэг долоо хоногийн өмнө горилогчийн тодорхойлолтыг Төгсөлтийн комиссын нарийн бичгийн даргад өгсөн байна.

4.4  Урьдчилсан хамгаалалт,  судалгааны ажлын удирдагч, шүүмжлэгчийн болон Төгсөлтийн комиссын дүнгийн дундаж нийлбэр нь горилогч оюутны диплом болон төсөлт ажлын хамгаалалтын ерөнхий дүн болно.

ТАВ. ДИПЛОМЫН ТӨСӨЛ, АЖЛЫН ХАМГААЛАЛТ

5.1  Диплом болон төсөлт ажил гүйцэтгэж байгаа оюутан өөрийн сургуулийн аль ч багшаас зөвлөгөө авах эрхтэй.

5.2  Горилогч оюутан бакалаврын диплом болон төсөлт ажилдаа хөндлөнгийн шүүмжлэгч авах эрхтэй.

5.3  Горилогч оюутан  диплом болон төсөлт ажлаа 15 минутад багтаан хамгаалах бөгөөд Салбар комиссын нарийн бичгийн дарга, судалгааны ажлын удирдагч, шүүмжлэгчийн тодорхойлолтыг уншиж танилцуулна. Салбар комиссын гишүүд диплом болон төсөлт ажлын агуулгын хүрээнд асуулт, тодруулга асууж, горилогчоос хариулт авна.

5.4  Салбар комисс, горилогч  оюутны хийсэн ажлын гүйцэтгэл,  асуулт, торуулгад өөрийн үзэл бодол, хандлагаа хамгаалж буй байдал, шүүмжлэгч, удирдагчийн тодорхойлолт зэргийг үндэслэн, 0-30 хүртэл оноогоор дүгнэнэ.

5.5  Салбар комиссын нарийн бичгийн дарга,  горилогч оюутан бүрийн диплом болон төсөлт ажлаа хамгаалж буй үйл явцыг нэг бүрчлэн дэлгэрэнгүй протокол хөтөлнө.

ЗУРГАА. ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТ

6.1  Төгсөлтийн шалгалтыг тухайн мэргэжлийн Сургалтын төлөвлөгөөнд тусгасан хичээлүүдийн агуулгын хүрээнд асуулт, даалгавар, бодлого, дасгал, иж бүрэн тест, маргаан, мэтгэлцээн, туршилт, судалгаа, аман ба бичгийн хэлбэрүүдээс аль болох бүтээлч байдлыг сонгон  авна.

.6.2  Төгсөлтийн шалгалтын үргэжлэх хугацаа 3-4 цаг хүртэл байна.

6.3  Төгсөлтийн салбар комиссын нарийн бичгийн дарга шалгалт эхлэхээс дуусталх үйл явцын дэлгэрэнгүй протокол хөтлөх ба оюутан нэг бүрээр төгсөлтийн шалгалтын эцсийн дүнг гаргаж, тогтоол үйлдэнэ. Төгсөлтийн шалгалт өгсөн оюутны мэдлэгийг 100 оноонд харгалзах үсгэн үнэлгээгээр дүгнэнэ.

6.4  Төгсөлтийн шалгалтын шалгуурыг Хөтөлбөрийн хороогоор хянуулах ба Сургалтын албаны даргаар баталгаажуулсан байна.

ДОЛОО. МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ДИПЛОМ  ОЛГОХ

7.1  Горилогч оюутан диплом болон төсөлт ажлаа 88-аасс дээш оноогоор хамгаалах үүрэгтэй. Диплом болон төсөлт ажлаа  амжилтгүй хамгаалсан болон төгсөлтийн шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн оюутныг тодорхой хугацаагаар хойшлуулах ба уг хугацааг Төгсөлтийн салбар комисс тогтоон энэ тухай тогтоолд тусгана.

7.2  Төгсөлтийн салбар комисс нь диплом болон төсөлт ажлаа амжилттай хамгаалсан, төгсөлтийн шалгалтаа хангалттай  өгсөн оюутнуудын дүнг баталсан шийдвэр ба төгсөгчдөд тодорхой мэргэжлээр  бакалаврын зэрэг  олгох тухай тогтоолд тусгана.

7.3  Төгсөлтийн салбар комиссын тогтоолыг үндэслэн, нэр бүхий  оюутнуудад Ерөнхий захирлын тушаалаар  мэргэжлийн бакалаврын зэрэг олгосон  диплом олгоно.