70357399   Даваа- Баасан: 9:00 - 18:00   margad@yahoo.com

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

 Манай улсын төрийн захиргааны байгууллагын бодлогын зорилт, төлөвлөгөөний биелэлтийн явц, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ -аудит хийх, үр дүнг үнэлэх эрх зүйн тогтолцоог Монгол Улсын Их Хурлын 1995 оны 38-р тогтоолоор баталсан “Монгол улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн  талаар баримтлах бодлого”-д тусгаснаар өнөөдөр төрийн  төв болон нутгийн захиргааны байгууллагуудын түвшинд төдийгүй тухайн байгууллагын түвшинд хяналт шинжилгээ үнэлгээ-аудитын дотоод тогтолцоотой болсон байна.

Манай орны сургууль судлалын онол, туршлагын хөгжлийн асуудлын гол цөм болох сургууль, багш, суралцагчдын үйл ажиллагааны хяналт шинжилгээ үнэлгээний асуудлаар олон эрдэмтэн судлаачдын боловсруулсан судалгааны ажлууд зохих хувь нэмрээ оруулсан бөгөөд тэдгээрийг нэгтгэн дүгнэвэл, “Сургуулийн өөрийн хяналт шинжилгээ үнэлгээ-аудит нь сургуулийн ирээдүйн хөгжлийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм” хэмээн үзэж байна.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоот нийгмийн үед хяналт/контрол/-ын маш хатуу тогтолцоотой, нүсэр аппараттай, хүний алдааг засч залруулахын оронд шийтгэл арга хэмжээ оногдуулахыг урьтал болгож, дээд удирдлагууд бүхнийг хянаж, бүх шийдвэрийг гаргадаг байв. Харин өнөөгийн нөхцөлд хүн бүр алдаж онож болох бөгөөд алдаагаа хяналт шинжилгээ–аудитын тусламжтайгаар, мөн өөрөө олж илрүүлэн засч чаддаг байх, өөрөөр хэлбэл алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаг ёс суртахууны соёлтой байхыг чухалчилж байна.

Хяналт шинжилгээ үнэлгээг  хянан шалгагч хэмээх үүрэг хүлээсэн хүмүүс, зөвхөн удирдлагууд  гүйцэтгэх биш, хүн бүр өөрийнхөө үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийдэг тогтолцоог буй болгоход удирдлага, менежерүүдийн анхаарал чиглэх учиртай. Аль ч байгууллагад хяналтаас ангид тодорхой үүрэг гүйцэтгэн, ажил хариуцдаг хүн байж болохгүй.

Энэ бүхнийг нэгтгэн дүгнэвэл, Хяналт шинжилгээ үнэлгээ-аудит бол менежментийн үйл ажиллагааг бүхэлд нь хамарсан, бүхнийг зангидсан суурь ойлголт буюу амин сүнс, сургуулийг хөгжүүлэх хөшүүрэг юм.

Тус сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн хяналт шинжилгээ, үнэлгээг нэн чухалд үзсээр ирсэн боловч нэгдсэн цогц тогтолцоонд оруулж, байнгын тасралтгүй явагдах процесс, сургуулийн стратеги төлөвлөлт, удирдлагын менежментийн тулгуур хэрэглэгдэхүүн болгож хараахан чадаагүй учраас шинэ хичээлийн жилийн эрхэм зорилгын  нэг чухал бүрэлдэхүүн нь дотоодын хяналт шинжилгээ-аудит, үнэлгээний  иж бүрэн тогтолцоог буй болгох асуудал юм.

Хоёр. Хяналт шинжилгээ үнэлгээ-аудитын зорилго, зорилт

   Сургуулийн үйл ажиллагаанд хийх  хяналт шинжилгээ-аудитын үнэлгээний зорилго нь: Дээд боловсролын тухай хууль, тогтоомж, боловсролын стандарт, холбогдох дүрэм журмыг хэрэгжиж эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд түүний үр дүн, үр дагавар, оюутны төлөвшил, мэргэжлийн чанарт ажиглалт, судалгаа шинжилгээ, хөндлөнгийн үнэлгээ хийж, ололт амжилтыг бататгах, доголдол дутагдал, бэрхшээл гарсан тохиолдолд түүний шалтгааныг тогтоосны үндсэн дээр доголдол гажуудлыг засах, цаашид хөгжих сэдэл, сонирхол бий болгох, шийдвэр гаргах албан тушаалтанд цаг тухайд нь мэдээлэн, тухайн хууль, тогтоомж, стандартыг хүлээгдэж буй үр дүнд хүргэх, сургууль, удирдлага, багш, суралцагчийг хөгжих, ажиллах, сурах сэдэл тэмүүлэлтэй болгоход оршино.

Хяналт шинжилгээ үнэлгээ-аудитын зорилт нь:

  • Сургуулийн эрхэм зорилго, жил бүрийн зорилтууд, боловсролын тухай хууль, тогтоомж, тогтоол, шийдвэр, боловсролын стандарт, дүрэм журам нь тухайн байгууллагын хүсэн хүлээж байгаа үр дүнд хүрч, хэрэгжиж, хөгжиж байгаа эсэхийг тогтоох
  • Сургалт судалгааны алба, тэнхимүүд, багш нарын үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ өгөх, хөндлөнгийн хяналт тавих
  • Багш сурган хүмүүжүүлэгчид, суралцагчид, иргэдийн сурах, гэгээрэх хэрэгцээгээ хангах таатай орчин, нөхцөл бүрдүүлэх
  • Сургууль, багш, удирдлага, суралцагчдыг хөгжихөд дэмжлэг өгөх, санал, санаачлага гаргах
  • Суралцагчдын төлөвшил, мэдлэг, чадварын түвшин тогтоох, түүний ахиц дэвшилд судалгаа хийж үнэлгээ өгөх, энэ талаар багш, суралцагч нэг бүртэй хамтарч ажилах, тэдний урам зоригийг сэргээх
  • Сургуулийн бүхий л үйл ажиллагааны үр дүнд судалгаа шинжилгээ, үнэлгээ өгөх

Гурав. Хяналт шинжилгээ үнэлгээ-аудит хийхэд баримтлах зарчим:

  • Хяналт шинжилгээ үнэлгээ-аудит нь тодорхой зорилго чиглэлтэй, урьдаас зохих бэлтгэл хангасан, агуулга, хэлбэрийн хувьд уян хатан байх
  • Хяналт шинжилгээ үнэлгээ-аудит хийх агуулга, арга хэлбэр, хугацаа, үнэлгээний шалгуур нь тухайн сургуулийн удирдлага, багш, суралцагчдад ойлгомжтой, нээлттэй, ил тод байх
  • Өөрийн болон хөндлөнгийн үнэлгээг хосолсон хамтын хэлбэртэй байх
  • Хяналт шинжилгээ үнэлгээ-аудит нь хүндэтгэл, шаардлагыг зөв хослуулсан, үнэлгээ нь тодорхой, бодитой, шударга байх
  • Сургуулийн үйл ажиллагаа, хандлагад хяналт шинжилгээ үнэлгээ-аудит хийхдээ сургуулийн өөрийн болон багш, суралцагч, эцэг эх, нийгмийн үнэлгээ, дүгнэлтийг харгалзах
  • Шалгуур үзүүлэлтүүд нь удирдлага, багш, суралцагчийн санаачлага, хөгжлийг дэмжих, шахах хөшүүрэг болохуйц байх
  • Шийтгэлээс илүү урам хайрласан хандлагатай байх
  • Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрдүүлэх

Дөрөв. Хяналт шинжилгээ-аудит, үнэлгээний хамрах хүрээ

Хяналт шинжилгээ-аудитын үнэлгээний тогтолцоо, хамаарал

 Хяналт шинжилгээ-аудит, үнэлгээ нь байгууллагын бодлого боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх тогтолцооны салшгүй хэсэг нь болдог.   Сургуулийн хэмжээнд хийх хяналт шалгалтыг:

  1. Хяналт шинжилгээ, үнэлгээ /мониторнг /
  2. Хөндлөнгийн хяналт /аудит / гэж ангилах бөгөөд агуулгаар нь:
  • Хууль тогтоомжийн
  • Стандарт хэрэгжилтийн
  • Өмч хөрөнгө, санхүүгийн
  • Баримт бичгийн  хэмээн ангилж болно.

Шийдвэрлэвэл зохих асуудлыг олж сонгохдоо асуудлын өнөөгийн болон хүсэн хүлээж буй үр дүнгийн зөрчлийг тухайн үеийн үр дүнг өнгөрсөн үеийн үр дүнтэй эсвэл, ижил төстэй байгууллагын тухайн үеийн үр дүнтэй, аль эсвэл, ирээдүйд бий болгохоор төлөвлөсөн  буюу төсөөлөн байгаа үр дүнтэй харьцуулж хамгийн оновчтой хувилбарыг сонгоно.

Үүний дараа шийдвэрийг/бодлогын зорилт/  хэрэгжүүлэх үйл ажиллагаа явагдах шатанд түүнийг хүсэн хүлээсэн үр дүнд хүргэж хэрэгжүүлэх  явцын хяналт шинжилгээ, үр дүнд нь үнэлгээ хийж хэрэгжилтийн зөв зүйтэйг батлах эсвэл гажуудлыг тодорхойлж, шаардлагатай бол бодлогын шинэ хувилбар боловсруулна.  Үүнээс үзэхэд хяналт шинжилгээ, үнэлгээ нь үр дүн гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй салшгүй холбоотой юм. Үүнийг  загварчлан  үзүүлбэл:

Тав. Хяналт шинжилгээ-аудитын үнэлгээний үйл явц

Хяналт шинжилгээ-аудитын үнэлгээний үйл явц нь дараах алхмуудтай байна.

Эдгээр алхмуудыг хяналт шинжилгээ, аудит, үнэлгээ хийж буй субъектүүд нэг мөр баримталж ажиллах ёстой. Хэрэв эдгээр алхмуудын дэс дараа алдагдах буюу аль нэг алхам нь орхигдвол эцсийн үр дүн, үр дагаварт муугаар нөлөөлөх учиртайг санаж ажиллавал зохино.

Зургаа. “Маргад” дээд сургуулийн хяналт шинжилгээ-аудитын үнэлгээний албаны  бүтэц, зохион байгуулалтын гадаад холбоо, харилцаа

Тус сургуулийн  хяналт шинжилгээ-аудитын үнэлгээ нь сургуулийн бүхий л үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, хөгжлийг түргэсгэх гол хөшүүрэг болно..
Сургуулийн дотоод хяналт шинжилгээ-аудит үнэлгээ хийсэн өөрийн үнэлгээний тайланд БСШУЯ болон  БСШУЯ-ны хяналт эрхэлсэн байгууллага, Дээд боловсролын Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл / ДБМИҮЗ/  нь хөндлөнгийн хяналт шинжилгээ үнэлгээ хийж байна. Эдгээр байгуулагуудын хийж буй аттестатчилал, хяналт, шалгалт, Магадлан итгэмжлэл нь бүгд л тус сургуулийн  орчин бүрдүүлэх, багш, ажилтныг хөгжүүлэх, чанаржуулах, шаардлага тавих замаар эцсийн үр дүнг дэээшлүүлэх, дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэх нэгэн зорилгод чиглэгдэж байна.

 Мэргэжлийн чиглэлээр дээд боловсролын байгууллагыг аттестатчилах ажлыг БСШУЯ, түүний хяналт эрхэлсэн байгууллага хэрэгжүүлдэг бөгөөд энэ байгуулага нь “Боловсрол , шинжлэх ухаан технологийн талаарх хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангуулах” чиг үүрэгтэй юм.

 Харин ДБТИҮЗ нь 1998 оноос дээд  боловсролын  байгууллагын Магадлан итгэмжлэлийг явуулж эхэлсэн ба 2002 оноос Магадлан итгэмжлэлийн цаашдын нэг алхам болох Хөтөлбөрийн Магадлан Итгэмжлэлийг явуулж байна. Эдгээр байгууллагуудын хийж буй аттестатчилал, хяналт шалгалт, магадлан итгэмжлэл нь тухайн байгууллагын дотоод хяналт шинжилгээ үнэлгээний өөрийн тайланд суурилан хөндлөнгийн үнэлгээ хийж байгаа тул тухайн байгууллагын  дотоодын хяналт шинжилгээ, үнэлгээг тогтолжуулах, үр дүнг дээшлүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

 Хэрэв байгууллага өөрийн үйл ажиллагаандаа хяналт шинжилгээ үнэлгээг үнэн,  зөв, зохион байгуулалттай хийж хэвшвэл үйл ажиллагааны явцад гарсан гажуудал, доголдол дутагдлыг цаг алдалгүй илрүүлж, засч залруулан улмаар тухайн байгууллагын олон талт үйл ажиллагаа, үйлчилгээний чанарын баталгаажуулалт улам сайжрах болно.

 

“Маргад” дээд сургуулийн хяналт шинжилгээ-аудитын  үнэлгээний орон тооны бус албаны бүтэц, зохион байгуулалтын дотоод холбоо, харилцаа

 Тус сургуулийн Сургалт, судалгааны алба нь:

Төгсөх оюутнуудын дадлагын тайлан хамгаалалт, нийт оюутнуудын сэдвийн дүн, бие даалт, төлөвшлийг дүгнэн тооцож буй байдал, I, II  семестрийн сургалтын болон тэнхимүүдийн  үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ.

     Тэнхимүүд нь:

Шинээр элсэгчдийн мэдлэг чадварын түвшинг тогтоож түүний мөрөөр тодорхой ажиллах, улирал бүрийн эцэст ахиц дэвшлийг тооцох, багш нарын хагас болон бүтэн жилийн ажлын тайлан, “Багшийн хөгжил”, “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн хэрэгжилт, явц, багш нарын сургалт, судалгааны ажлын үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийнэ.

    Экспертийн баг нь:

I, II  семестрийн сургалтын үйл ажиллагаа болон хөтөлбөрийн стандартын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт шинжилгээ, үнэлгээ хийж Захиргааны зөвлөлд тайлагнана.

    Олон нийт, хэрэглэгчид нь:

Сургууль, багш нар, удирдлага, оюутнуудын  үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжийн судалгаа болон санал хүсэлтээ ил тод, үнэн, шударгаар илэрхийлнэ.

Тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд 2 жил тутамд Санхүүгийн аудитын шалгалт хийж Сургуулийн Удирдах Зөвлөлд мэдээлнэ.

Энэ бүх үйл ажиллагаанд тус сургуулийн хяналт шинжилгээ, үнэлгээний алба нь удирдан чиглүүлэх, зөвлөн туслах, хамтран ажиллах үүрэг гүйцэтгэх болно.

“Маргад” дээд сургуулийн хичээлийн жилд хийх “Хяналт шинжилгээ, аудит, үнэлгээний график төлөвлөгөө”

               

 

 

д/д

Хяналт шинжилгээ, аудит, үнэлгээ хийх чиглэл

Хяналт шинжилгээ, аудит, үнэлгээ хийх хугацаа

Хяналт шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээ

Хяналт шинжилгээ, аудит, үнэлгээ хийх субъект

Хяналт тавих
дүнг нэгтгэх
субъект

1

Шинээр элсэгчдийн мэдлэг, авьяас, чадварын түвшинг судалж тогтоох

IX сарын  III долоо хоногт

Монгол хэл, математик, гадаад хэл, авьяас

Тэнхимүүд

ССАлба, ХШҮ-ний алба

 

2

Мэргэжлийн удирдлага хичээл, танилцах дадлага

IX сарын  эхний долоо хоногийн 3 өдөр

Ерөнхий ба тусгай хичээлүүд

Сургалт судалгааны алба

ХШҮ-ний алба

3

Төгсөх ангийн оюутнуудын дадлагын тайлан хамгаалалт

X сарын  эхний долоо хоногт

Үзэсгэлэн гаргаж хамгаалах

Тэнхимүүд

ССАлба

4

Оюутнуудын сэдвийн дүн, бие даалтыг дүгнэн тооцож буй явцын хяналт

X сарын  сүүлийн долоо хоногт

Бүх багш нар дээр

Тэнхимүүд

ССАлба, ХШҮ-ний алба

5

Нэгж, хүн бүрийн хагас, бүтэн жилийн ажлын тайлан хамгаалалт

I, VI сарын  эхний долоо хоногт

ССА, тэнхим, багш нар

ССА, тэнхим

Захирлууд,
ХШҮ-ний алба

6

Нийт оюутан, сурагчдын төлөвшлийн тайлан хамгаалалт

XII, V сарын   гурав дах долоо хоногт

Анги удирдсан ба зөвлөх багш нар

ССА, тэнхим

ХШҮ-ний алба

7

“Багшийн хөгжил”, “Ном”, “Авьяас” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хөндлөнгийн үнэлгээ хийх

I сарын  эхний долоо хоногт

ЕБС болон бакалаврын сургууль

Тэнхимүүд

ССАлба, ХШҮ-ний алба

8

I, II семестрийн сургалтын  үйл ажиллагаа, стандартын хэрэгжилтэд аудит хийх

 

XII, V сарын   гурав, дөрөв дэх долоо хоногт

Бүх багш, оюутан, сурагчид

ССА, экспертийн баг

ХШҮ-ний алба

9

Төсөл, хөтөлбөр, судалгааны ажлын тайлан, үзэсгэлэн

V сарын  эхний долоо хоногт

ССА, тэнхим, багш нар

ХШҮ-ний алба

Захирлууд,

ХШҮ-ний алба

10

Оюутны зөвлөлийн үйл ажиллагаанд аудит хийх

I сарын  эхний долоо хоногт

Оюутны зөвлөлийн дарга, гишүүд

ССА, тэнхим

ХШҮ-ний алба, оюутнууд

11

Номын сан, сургалтын төвүүд, кабинет, лабораторийн үйл ажиллагаанд аудит хийх

I, V сарын  эхний долоо хоногт

Хариуцсан хүмүүс

ССА, тэнхим

ХШҮ-ний алба, хэрэглэгчид

12

Багш нарын хичээлийн бэлтгэл, хичээл зохион байгуулалт, үр дүнд шинэжилгээ үнэлгээ хийх

7 хоног бүр

Тэнхимийн эрхлэгчид

ССА, тэнхим

ХШҮ-ний алба

Биелэлтийг тооцож дүгнэх журам:

  1. Тухайн нэгж, хэсэг, ажилтан нь дээрх графикийн дагуу үнэлгээ хийх, хяналт тавих субъектүүдээр бэлтгэл ажлын зорилго, зорилт, төлөвлөвлөгөөгөө батлуулах
  2. Төлөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэх аргачлалаа боловсруулах
  3. Графикт заасан хугацаанд аргачлалаа хэрэгжүүлэх үйл ажиллгагаа зохион байгуулж эхлэх
  4. Хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөгөө, үүрэг даалгавар авах
  5. шинжилгээ, аудит, үнэлгээ хийхээс 7 хоногийн өмнө холбогдох субъектүүдэд төлөвлөгөөний хэрэгжилтийн өөрийн үнэлгээгээ тайлагнах
  6. Зохих хугацаанд нь, үнэлгээ хийх, хяналт тавих субъектүүдээр ажлаа үнэлүүлж, дараагийн зорилго, зорилт, шинэ төлөвлөгөөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.

“Маргад” дээд сургуулийн хяналт шинжилгээ, үнэлгээний алба